2024 оны 04 сарын 26
Зочин
Б.Дорждэрэм: Албаныхаа нэрийг дуудуулаад тайзан дээр гарах мөч бүхэн нандин

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэмийг урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн сард анхны биеэ даасан тоглолтоо хийж, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

-Юуны өмнө “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

  Баярлалаа. Үнэхээр гэнэтийн үйл явдал боллоо. Маш их баярлаж, догдолж байна. Хамт олон, хань, үр хүүхэд, “Тэнгэр” хамтлагийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.  Ажил, хөдөлмөр, уран бүтээлийг минь үнэлэхээс илүү цаашдын бүтээлийн минь ташуур боллоо бодож байна. Нөгөө талаар маш их хариуцлага нэмэгдэж байна даа.  

– Анхны  гэсэн тодотголтой юм бүхэн мартагдашгүй дурсамжийг үлдээдэг. Тийм болохоор тоглолтынхоо сонин сайхан хуваалцаач?

  Тийм шүү. Цэцэрлэгт байхаасаа л урлагаар хүмүүжсэн. Сургуулийг нь төгсөөд, мэргэжлээрээ ажиллаад 10 гаруй жил болж байна.  Энэ хугацаанд хүсэн хүлээсэн мөч биелэлээ шүү дээ. Баярлахгүй байхын аргагүй. Тоглолтын өмнө маш их айж, эмээж, бэргэж байлаа. Түүнийгээ мэдрүүлэхгүйн тулд их хичээсэн дээ. Гэхдээ тоглолт эхлээд, дуугаа дуулаад, хөгжмөө тоглоод л тайвширсан. “Энхийн элч” хэмээн тоглолтоо нэрлэсэн нь учиртай. Энэ дуу бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 50 жилийн ойд зориулан гаргасан уран бүтээл байгаа юм. Тоглолтод МУГЖ Б.Батбаатар, Э. Бүрнээбаяр болон залуу уран бүтээлчид, Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Үлээвэр найрал хөгжим, “Тэнгэр” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Тоглолтод маань оролцож, ая дуугаа өргөсөн бүх уран бүтээлчдэдээ баярлаж талархснаа “Онцгой мэдээ” сониноор дамжуулан уламжлая. Мөн урам зориг хайрлаж, итгэл найдвар хүлээлгэн тоглолтыг минь саатан үзсэн алба хаагчдадаа баярлалаа.

-Ингэхэд таны мэргэжил хөгжимчин байх аа?

Тийм. Тавдугаар ангийн сурагч байхдаа хөгжмийн дугуйланд явж эхэлсэн. Арван жилд байхдаа урлаг, уран сайхны бүхий л арга хэмжээнд оролцоно. Гэртээ оройтож харина. Урлагийн хүн байх зовлон, жаргалыг багаасаа л мэдэрсэн. Хөгжимчин мэргэжлийг “Хөгжим бүжгийн коллеж”-д 2000-2005 онд суралцаж, эзэмшсэн. Би хоёр дүүтэй.  Гурвуулаа л хөгжимчин мэргэжилтэй.

Удамд тань урлагийн хүн байдаг болоод  гурвуулаа энэ салбарыг сонгосон уу. Эсвэл..?

Хэлэх гэж байхад асуучихлаа. /инээв/  Манай өвөө Болд хөгжимчин хүн байсан. Тэрээр Батсайханы гурван хүүхдийг гурвууланг нь урлагийн хүн болгоно гэж хэлдэг байсан гэсэн. Энэ зарчмаар  аав, ээж маань хүмүүжүүлсэн дээ. Манай аав бол Үндэсний аврах бригадад няраваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ингээд бодохоор аавынхаа ажлыг ч бас өвлөсөн азтай хүн шүү дээ би.

-Азтай гэхээс илүү хувь тохиол юм болов уу?

 Тийм байх гэж ойлгоод маш их билэгшээдэг. 2015 онд энэ албаны хүн болсон. Анх цэргийн хөгжим гэж юу байдгийг, цэргийн хүн ямар байх ёстойг мэддэггүй л байлаа. Хамт олныхоо дэмээр өнөөдрийн энэ зэрэгт хүрч, хаана ч албаа сурталчлах хүндтэй үүргийг биелүүлээд явж байна. Энэ хугацаанд нийслэлийн цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулагддаг ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үлээвэр хөгжимчдийн улсын уралдаанд тэргүүн байр,  2018 онд зохион байгуулагдсан МУСТА, хөгжмийн зохиолч Н.Сандагсүрэнгийн нэрэмжит “Үлээвэр хөгжимчдийн улсын  анхдугаар уралдаан”-д оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-д болсон Цэргийн хүрээний байгууллагуудын 60 алба хаагчийн нэг болж “Үлээвэр хөгжимчдийн фестиваль”-д оролцож, ая дуугаа өргөсөн. Энэ бүх амжилт албатай минь холбоотой болохоор бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Манай алба чинь салбар, салбараас бүрдсэн онцлог ихтэй. Түүний нэг нь болж, аврагч нөхөдтэйгээ хамтдаа зүтгэж байгаадаа баярладаг шүү.

-Алба хаагч бүрийн үүрэг өөр, өөр ч зорилго нэг. Таны ажил, мэргэжлийн онцлог  энэ албаны “чимэг” гэж ойлгодог?

 Онцгой байдлын байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хүндэтгэл, урлаг, соёл, спортын арга хэмжээ, тэмдэглэлт ой гээд албатай холбоотой бүхий л арга хэмжээнд очиж ая дуугаа өргөдөг. Аюул бүхний өөдөөс сөрөн зогссон баатаруудынхаа тэр их үйлсийг нь мөнхлөх, магтан дуулах нь бидний үүрэг. Нөгөө талаар төрөл бүрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдадаа сэтгэл, санааны дэмжлэг үзүүлж, ажлын ядаргааг тайлах, сэтгэлзүйн бэлтгэлтэй байхад нь томоохон түлхэц болдог гэж ойлгодог. Албаныхаа нэрийг дуудуулаад тайзан дээр гарах мөч бүхэн нандин байдаг.

-Тайзан дээр энгийн хувцастай гарч дуулах, цэрэг хувцастайгаа гарч дуулах хоёрт өөр өөр мэдрэмж төрнө биз?

  Албаныхаа дүрэмт хувцсаа өмсөөд нэрээ дуудуулаад тайзнаа гарах тэр мэдрэмж үнэхээр сайхан. Магадгүй албаны биш энгийн хувцастай гарвал тэр их хүндэтгэл надад ирэх болов уу гэж боддог. Онцгой алба гэхээр хүн бүр мэддэг, ойлгодог, дэмждэг болсон нь алхам тутамд л мэдрэгддэг. Та нар үнэхээр аврагчид гэхэд гоё дуулж байна, илүү их амжилт хүсье гээд л итгэл өгдөг шүү.

  -Бусад байгууллагын үйл ажиллагаа болон төв, орон нутгийн Онцгой байгууллагынхаа алба хаагчдад очиж тоглохын хооронд асар их ялгаа харагддаг байх. Ялангуяа үзэгчдийн харц, хүлээлт гээд?

 Таныг асуусан чинь хамгийн эхэнд  алга ташилт сонсогдож байна. Биднийг халуун дотноор, сэтгэл зүрхнээсээ хүлээн авдаг. “Тэнгэр” хамтлагийнхан  энэ жил нэлээд хэдэн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд очиж тоглосон. Ажил болохоор нэг очсон газартаа хэд хэдэн удаа ч очих тохиолдол байна. Тэр бүхэнд минь халуун, дотноор угтан авдаг.

– Тоглолтоор явж байхад хөгжилтэй, хөгтэй зүйлс тохиолдоно биз?.

Тэгэлгүй яахав.  Тухайн үед нь инээлдээд өнгөрнө. Гэхдээ миний санаанаас гардаггүй нэг хөгтэй зүйл бий. Тухайн үедээ  би мэдээгүй л дээ. Дараа нь мэдчихээд шоконд орж байлаа. Бид “Мах Импекс” ХХК-ийн арга хэмжээнд оролцож байхад манай “Тэнгэр хамтлаг”-ийн дуучин Ц.Мөнхзул намайг Дэрэмдорж гээд зарлачихдаг байгаа. Сандраад “Хос залуус” дууны аяар “Дурсамж” дууг дуулчихсан байсан. Гэхдээ хүмүүс анзаараагүй ээ. /инээв/

 -Хөгжимчин, дуучин гээд хос морьтой аврагч. Урмын үгийг хэнээс илүү сонсдог вэ?

 Тайзан дээрээс хүмүүсийн алга ташилтыг сонсох л үгээр хэлэмгүй урам байдаг. Нөгөө талаар  би дуулж, хөгжмөө тоглож өөрийгөө шагнадаг. “Цэргийн сүр жагсаал, Жагсаалын сүр хөгжим” гэж ярьдаг шүү дээ. Энэ үг бас намайг хурцалдаг. Алба хаагчдын минь өөртөө итгэлтэй байдал, алхаа, гишгээ тэр хөгжмийн аялгууг чимж байдаг болохоор. 

-Мэдээж сайн уран бүтээл, сайхан дуу, аялгууг амилуулахад бэлтгэл шаардлагатай?

 Тийм шүү. Энэ жил гэхэд ОХУ-д очиж тоглолт хийхэд дандаа орос дуу дуулсан. Арга хэмжээнээсээ хамаараад ямар төрлийн дуу дуулахаа сонгоно. Тийм болохоор байнгын л хөгжмийн болоод хоолойн бэлтгэл хийнэ. Хэдийгээр олны мэддэг дууг дуулж байгаа ч тухайн дууны утга, найруулгыг алдуулахгүйгээр өөрийн онцлогт тохируулна гээд бэлтгэл л шаардлагатай шүү дээ. Энэ бүхнийг нь чөлөөт цагаараа, амарч байх үедээ л амжуулдаг.

-Уран бүтээлийн ойрын үеийн төлөвлөгөөг сонирхож болох уу?

Өөрийн гэсэн шинэ уран бүтээлүүдийг гаргаж, уран бүтээлийн сангаа нэмэгдүүлэх зорилготой байна. Ирэх 2020 онд манай “Тэнгэр” хамтлагийн 15 жилийн ой тохионо. Мөн бид ОХУ-ын Москва хотноо ирэх 2020 оны 12 дугаар сард тоглох урилга авсан. Урилгыг өнгөрсөн тавдугаар сард Улаан-Үд, Эрхүү, Иркутся хотуудад “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцох үеэр ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович өгсөн. Энэ  нь ОХУ-ын Онцгой байдлын яамны 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт гэдгээрээ онцлог.

-Алба, уран бүтээл гэж явсаар ар гэртээ гаргах цаг хомс байдаг  уу?

    Манайх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдээ унтаж байхад нь орно. Өглөө босоогүй байхад нь гараад явах үе зөндөө. Арын албыг минь дааж, хүүхдүүдээ өсгөх, хүмүүжүүлэх үүргийг хань минь гүйцэтгэдэг. Том нь 7 настай, дундах нь 5, дараагийнх нь ой 6 сар, бага нь 6 сартай. Охидууд маань бас дуулж, бүжиглэх дуртай. Өөрөө ажилдаа дуртай болохоор хүүхдүүдээ  урлагийн хүн болгомоор санагддаг л юм байна.

-Хүсэл мөрөөдөл нь биелэх цаг удахгүй ирэх байх аа?

Гэхдээ охидууд маань хүсвэл шүү дээ. Хараад байхад бүгд л урлагийн мэдрэмжтэй санагддаг болохоор л мөрөөдөж байна. Ажил, мэргэжлээ  хүүхдүүддээ өвлүүлээд үлдээхийг хүсдэггүй хүн гэж байхгүй л болов уу.

-Таныг хурцалж, өөрийгөө дайчлах эрч хүчийг өгдөг хэлэх дуртай үгээр ярилцлагаа өндөрлөе?

Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэж хэлэх дуртай. Энэ үг миний амьдралдаа баримталдаг зарчмыг илэрхийлдэг.  Баяр, бахдлыг минь хуваалцсан “Онцгой мэдээ” сонины хамт олондоо баярлалаа. Мөн анхны бие даасан тоглолтыг минь хүрэлцэн ирж үзсэн, дэмжсэн бүх алба хаагчдадаа  талархлаа илэрхийлье. Алба хаагч та бүхний амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.