2024 оны 04 сарын 26
Зочин
М.Нарантуяа: Гоё сайхан харагдаж, бусдыг байлдан дагуулах надад үнэндээ сонин биш байна

Дуучин М.Нарантуяа буюу Наратай ярилцлаа.

 

Өнгөрч буй онд та нэлээд нам гүмхэн байлаа. Ээж болоод хэсэг завсарлав уу?

-Харин ч энэ онд бүхий л талын ажил хийлээ. Уран бүтээл, нийгмийн ажлуудад ч маш идэвхтэй оролцлоо. Хүүхдээ ч харлаа. Зав зайгүй их оволзсон жил өнгөрлөө. Харин ч хурдан он гараад хүүтэйгээ байх юмсан л гэж хүсч байна.

-Ямар ямар уран бүтээл дээр ажиллав?

-Энэ онд хоёр клипэн дээр ажиллая гэж төлөвлөж байсан. Гэхдээ бодсон шиг маань болсонгүй. Ямартай ч нэг цомог гаргахаар Ошейн грэй продакшнтай хамтарч ажиллаж байгаа. Эхнээсээ ганц хоёр дуу нь гарч байна. Сая “Эзлэгдсэн зүрх” шинэ уран бүтээлээ дүрсжүүлж олны хүртээл болголоо.

-Бусдад багагүй тус дэм хүргэдгийг хүмүүс мэдэх байх. Өнгөрсөн онд ямар хүмүүнлэгийн ажил зохион байгуулав?

-Би хандивын байгууллага ч юм уу, сайн дурын хүмүүнлэгийн ажилтан биш л дээ. Зүгээр л ядарсан хүмүүст өөрийн чадлынхаа хэрээр туслахыг хичээдэг. Сүүлдээ хандивын байгууллага шиг “ингээд өгөөч, тэгээд өгөөч” гэсэн хүсэлт их тавих болсон. Энэ жил фэйсбүүкээрээ түлэгдсэн хүүхэд, хүмүүст туслах уриалгыг нэлээд их гаргасан. Гэхдээ эндээс нэг зүйлийг ажигласан. Зовсон хүмүүсийн хажуугаар бизнес хийдэг хүмүүс олширсон байна. Бусдын аливаад хандаж байгаа байдлаар үнэн байв уу, худал байв уу гэдгийг яваандаа гадарладаг болчихдог юм байна. Бүтэн жилийн хугацаанд ганц хоёр хулхи хандивын ажиллагаанд мөнгө өгчихсөн. Гэсэн ч нэлээд их түлэгдсэн хүүхдэд тусалж чадсан. Сая Төмөрцэцэг гээд гурван хүүхэдтэй ээжийн хандивд нэлээд хүмүүсийг уриалж оруулсан. Хандивын дагуу 55 сая төгрөгийг цуглуулсан. Энэ хүн маш өндөр үнэтэй элэг дэмжих эмчилгээ хийлгэж байгаа юм билээ. Баттай эмчлэгдээгүй ч баяртай мэдээнүүд ирж байгаа. Хүмүүс аливаа зүйлд өөрсдөө маш хариуцлагагүй ханддаг юм байна гэдгийг ажигласан. Тусламж хэрэгтэй байгаа өчнөөн мянган хүн байгаа. Тэр бүхэнд ганцаараа тусалж чадахгүй учраас нэг хүнд хандсан хандив үзүүлэхээ болиод оронд нь аль болох тогтолцоонд нөлөөлж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй юм байна гэдгийг эндээс би ойлгосон. Төмөрцэцэг эгчийн аяны дараа л гэхэд миний хүүхдэд туслаагүй байж энэ хүнд тусаллаа гэх маш олон гомдол ирсэн. Нялх хүүхэдтэй эх хүний хувьд маш эмзгээр хүлээж авсан.

-Гадны дуучид, одууд уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн дуу хоолой болдог. Та тэр чиглэлээр ажиллах бодолтой байна уу?

-Ерөнхийдөө миний “Эзлэгдсэн зүрх” дууны утга эмэгтэйчүүдийг хүчирхэг байх, өөдрөг, итгэлтэй байх зүйлд хандуулсан дуу байгаа. Өрх толгойлсон ээжүүд болон бусад бүхий л эмэгтэйчүүдийг өөдрөг байхыг уриалсан дуу. Амьдрал санасан бодсон, хүссэн бүхнээ авч чаддаггүй ч амьдрал өөрөө баялаг гэдгийг харуулсан уран бүтээл болсон. Ер нь эх хүн нөхөртэй ч бай, нөхөргүй ч бай үр хүүхэдтэй болно гэдэг гайхамшиг.

-Таныг мөн охид, бүсгүйчүүдийн дотно зөвлөгч гэж хэлж болох байх. Таны гоо сайхны болон тураах зөвлөгөөг дагадаг бүсгүйчүүд их байдаг. Одоо ч зөвлөгөөгөө өгсөөр байна уу?

-Зөвлөгөөгөө одоо ч гэсэн хүргэж байгаа. Би ер нь бусадтай хуваалцах дуртай. Мэддэг чаддаг зүйлээсээ бусадтай хуваалцах нь хүний л нэг зан шүү дээ. Бусдаас илүүг мэдчихсэндээ бус, миний мэдэж байгаа зүйлийг хүмүүс мэдэж байж ч болно, мэдэхгүй нэгэнд нь хэрэг болно биз гэсэн үүднээс зөвлөгөөгөө бэлдэж хүргэдэг.

-Хэзээнээс зөвлөгөө өгөх болсон бэ?

-Би арван жилд байхаасаа л өөрийнхөө бүх мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаад явдаг байсан. Фэйсбүүкийн ачаар бусдад хандсан хүмүүнлэгийн ажил, чин сэтгэлийн зөвлөгөөнүүдийг тавиад хүргэдэг болсон. Түүнээс гэнэт л хүмүүсийн анхаарал татах гээд ингээд байгаа юм биш л дээ.

-Та төрөөд удаагүй байгаа. “Хүмүүс төрөнгүүтээ турмаар байна, урьдынх шигээ сайхан болмоор байна гэх юм. Эмэгтэй хүн чинь байгалиараа буцаж хэвэндээ ордог” гэж хэлсэн байсан. Энэ үг чинь олон эхчүүдэд хүрсэн байна лээ?

-Ер нь бүсгүйчүүдийг сүүлийн үед худалдааны шуурганд автуулчихсан байна. Дэлхий дахинд тэртэй тэргүй хүүхнүүдийг гаднаасаа гоё сайхан байхад уриалж байгаа. Үүний цаана бизнесийн ашиг сонирхол л байдаг. Хүмүүс төрсний дараа ийм байсан одоо ийм болж турлаа гэх байдлаар бусдынхаа тархийг угаагаад байдаг л даа. Миний бодлоор эмэгтэй хүн төрөөд тэр анзааны таргалах бол байх зүйл. Гурван жилийн дараагаас эмэгтэй хүн хүссэн хүсээгүй байгалиараа буцаад хэвэндээ ордог. Над шиг болохыг хүсвэл ийм гоо сайхны бүтээгдэхүүн, тураах эм бэлдмэл, цай, кофе хэрэглээрэй гэдэг. Эмэгтэйчүүд иймэрхүү бизнесийн юманд хуйлрах бус хамгийн түрүүнд үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Бид нар гаднаасаа гоё сайхан харагдахын тулд эрүүл мэндээ их золиосолдог. Үүнийг яагаад хэлээд байна гэхээр би ч бас өмнө нь гоё сайхан, сайн гэсэн юм болгоныг хэрэглэдэг байсан. Эцэст нь маш их эрүүл мэндээрээ хохирсон учраас эргээд бүсгүйчүүддээ анхааруулаад байгаа юм. Гоё сайхан харагдахдаа бус эрүүл байж үр хүүхэдтэйгээ хамт арав, хорин жилээр ч гэсэн илүү амьдрахын төлөө эрүүл мэндээ хайрлаачээ гэж уриалмаар байна. Ялангуяа монгол хоол, цагаан идээгээ хэрэглэж байгаарай гэж их зөвлөдөг. Амьдралын баяр баясгалан үр хүүхэдтэйгээ эрүүл энх урт удаан амьдрах болохоос гоё сайхан харагдахдаа биш. Оны дараагаар би эмэгтэйчүүддээ гаднаасаа гоё сайхан харагдахдаа бус дотроосоо эрүүл саруул байхыг зөвлөх юмсан гэж бодож байгаа. Одоо миний хүү ой есөн сар хүрч байгаа. Удахгүй хоёр нас хүрнэ. Одоо хүртэл хөхөөрөө хооллодог. Хүмүүс намайг “чи урлагийн хүн байж хөхөө бодооч, гоо сайхнаа бодооч” гэж л байдаг юм. Үнэндээ хөхний үндсэн байгалиас заяасан зорилго нь үр хүүхдээ хооллож, дархлааг нь дэмжин эрүүл саруул бойжуулахад байдаг. Бид нар үр хүүхдээ амжилттай яваасай, мундаг, ухаантай хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүний эх суурь нь хөхөөрөө хооллож, эрүүл бойжуулах гэдгийг мартаад байдаг.

-Та өөрөө эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Зөв хооллоно гэдэг нь зөвхөн ногоо идээд байх биш. Миний бодлоор цэвэр, цагаан хоолтой хүн нэг их эрүүл байгаа санагддаггүй. Хэт цагаан хоолтон, ногоон хоолтон гээд туйлшрахгүйгээр хандах нь зөв байх л даа. Бид нарын бие организмд олон зуун жилийн өмнөөс идэж ууж дасчихсан, зохицсон удамшилтай холбоотой хоол хүнсээ идэх нь зөв байдаг гэж би сонсч байсан юм. Саяхнаас л энэ олон гадны хоолнууд орж ирсэн ш дээ. Ингэлээ гээд үүнийг идэхгүй байх биш, яавал зөв хооллох вэ гэдгийг анхаарах нь чухал. Бид нар өнөөдөр маш их өвдөөд, элдэв хорт хавдар тусаад байгаа нь хооллолттой л холбоотой байх. Гаднаа зөв юм яриад л буруу цагт хооллоод, архи дарсаа хамаа намаагүй идэж уугаад байвал бие организм тэр хэмжээгээрээ хорддог. Хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт юм байна гэдгийг ойлгосон. Эрүүл хооллолт, зөв фитнесс гэдэг нь өөрт нь тохирч байна уу гэдгийг сайн мэдэрч, биеэ сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм. Би гэхэд биеэ муудтал фитнесс хийж, мацаг барьж, биеэ муудтал янз бүрийн юм идэж ууж, хэрэглэж байсан. Яг үнэндээ хүсч байсан гоо сайхнаа аваагүй, харин ямар ч тамир тэнхээгүй, хүч чадалгүй, дархлаагүй хүн л болсон байна. Үүнийг уншиж байгаа хүмүүс ч гэсэн дараа нь ямар үр дүн ирэх вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй юм билээ.

-Та төрснийхөө дараа хэр их дасгал хөдөлгөөн хийдэг байв?

-Төрсний дараа нэг жил би өөрийгөө бүтэн хаясан. Ямар ч гэсэн хүүгээ эрүүл саруул өсгөж илүү анхаарал хандуулахыг зорьсон. Түүндээ ч хүрсэн. Есөн сараас нь ядарч үхтлээ фитнесс хийгээд, үхэх гэж байгаа юм шиг хоолоо сойгоод их явсан. Тэрнийхээ горыг ч амссан. Тэгээд л эрүүл мэнддээ анхааръя гэж шийдсэн. Үнэнээ хэлэхэд урлаг уран сайхан, гоё сайхан харагдахаас илүүтэйгээр эрүүл саруул Нара, ээж Нара л үнэ цэнтэй санагдсан.Түүнээс гоё сайхан харагдаж, хүн амьтныг байлдан дагуулах үнэндээ сонин биш байна.

-Тэгвэл ээж болоод та нэлээд өөрчлөгдсөн байх нь ээ?

-Эрүүл мэндийн асуудлыг зан араншинтай холбож үзэж болохгүй. Амьдралын хандлага маань өөрчлөгдсөн болохоос биш зан араншингийнхаа хувьд урьдын цоглог, эцэшгүй, цуцашгүй дайчин бүсгүй хэвээрээ байгаа. Гэхдээ хамгийн гол нь юунд дайчин хандах ёстой юм, юунд буулт хийх ёстой юм гэдгээ ухаарсан. Үүнийг ээж болсны дараахь ч юмуу, өнгөрсөн амьдралаас олж авсан ололтуудын нэг юм даа л гэж бодож байна. Өөрийгөө сайн чагнаж, өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна, хүн.

-Та бусад дуучдыг бодоход харьцангуй нээлттэй хүн байх. Өөрийгөө ганц бие ээж гэдгээ телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлсний дараа нэлээд шуугиан тарьсан. Бас таны хэлсэн үг олон ганц бие эхчүүдэд хүч өгсөн. Гэхдээ нөгөө талаар хэт илэн далангүй байснаар шүүмжлэлд өртөх нь их байдаг шүү дээ?

-Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Миний илэн далангүйд дургүй хүмүүс өөрсдөө л амьдралаа нууцлаг л дээ. Би худлаа байж чаддаггүй, дүр эсгэж чаддаггүй, багын л шударга зангаасаа болж их алддаг хүүхэд байсан. Гэхдээ яахав дээ. Ийм байх ёстой бол үүгээрээ л дуусаг. Нөгөөтэйгүүр яагаад ганц бие ээж болсноо зарласан гэхээр үүнээс хойш мөн чанарыг нь олоогүй байж олны танил болохыг мөрөөдөж байгаа, олны танил болчихвол баяждаг юм байна, нэр алдар хүртдэг юм байна, сайхан амьдардаг юм байна гэсэн буруу ташаа ойлголттой охид залуусыг эрсдэл хийхээс миний амьдрал бага ч гэсэн анхааруулга болоосой гэж бодож байсан. Зөвхөн олны танил болохыг чиг шугамаа болгодог охид үүнийг мэдээсэй гэж хүссэн. Нара гэтэл зөвхөн олны танил болох гээд дуучин болсон юм биш. Угаасаа л урлаг уран сайхан, дуучин болох хүсэл мөрөөдөл багаас минь миний зүрхэнд цохилдог байсан. Ээж, аав маань урлагийн хүмүүс учраас миний зүрх сэтгэлд урлагийн тухай ойлголт төрөхөөс аваад л байсан гэж хэлж болно. Ихэнхдээ олны танил болсон хүмүүс гоё сайхан хувцаслаж, үнэтэй машин унаж байгаагаар харагддаг. Үнэн хэрэгтээ хүний амьдралын хөшигний алд олон проблем үүсч байдаг. Ихэнх алдартнууд энэ асуудлаа нуудаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг байж, уйлж байсан ч инээж байдаг. Надад илэн далангүй байсан нь амар байдаг. Хүн болгон уулзаад л чи ямар хүнтэй суусан юм, ямар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм гэдэг асуултад хариулах ядаргаатай байна. Түүний оронд нөхөргүй, ганц бие ээж гэдгээрээ л баймаар байна. Түүнд чинь бусдаас айгаад эмээгээд байх зүйл байхгүй. Миний амьдралын цаанаасаа өгөгдсөн зүйл нь ийм л байх ёстой байсан биз. Энэ маань өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг олж харж чадахгүй хаяад явсан хүний араас гомдоод туниад, өөрсдийгөө гундаагаад яваа маш олон хүмүүст дэм болсон байх. Надад ч хэдэн мянган эмэгтэйчүүдийн сэтгэгдэл ирсэн. Зүгээр л би өөрийнхөөрөө байсны төлөө маш олон хүмүүст урам зориг өгсөн байна. Өөрөө ч бас урам авч байсан.

-Та нууц биш бол хүүгийнхээ аавын талаар дурдаж болох уу?

-Хүүгийн аавын талаар дурдах ямар ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй бид хоёр одоо хамт биш, ирээдүйд ч хамт байхгүй. Нэгэнт цэглэсэн юмыг би цэглэх л дуртай. Түүнээс өнгөрсөнтэйгөө зууралддаггүй. Хүүгийн аав дотроо юу гэж боддогийг би мэдэхгүй. Хүн л юм чинь үр хүүхдээ хааяа нэг дотроо боддог л байлгүй дээ.

-Та амжилтад хүрэх хүртлээ тайзны ард бүжиглэж, цайны газар ажиллах зэргээр янз бүрийн ажил хийдэг байсан гэдэг. Хэзээнээс дуучин болохоор зорьж эхэлсэн бэ?

-Багаасаа л урлаг уран сайхан руу тэмүүлсэн, дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан. Дуучны мэргэжлээр Японд сурсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэр болтол оюутан байхаасаа олон л ажил хийж байсан. Хоолны газар, бааранд ч ажиллаж л байлаа. Хүний ажилдаг л газар ажиллаж байсан. Ямар биеэ үнэлээд явсан биш.

-Зарим дуучид анх гарч ирснээсээ өөр чиглэлээр дуулдаг. Та нас ахихын хэрээр хэв маягаа өөрчлөх болов уу?

-Тухайн цаг үеэс л шалтгаалах байх. Цаг үеэ мэдэрнэ гэдэг чухал. Бид рок попын дуучин гэдэг утгаараа гандан буурахгүй хүмүүс. Сараа эгч, Ариунаа эгч, Алтаа эгч нар одоо хүртэл анх яаж гарч ирсэн тэр хэвээрээ эрч хүчтэй л явж байна. Нас ахихын хувьд одоо хэлэхэд эрт байна. Дөнгөж гучин насны босго алхаад явж байна.

Э.Номин-Эрдэнэ

Өдрийн сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.