2024 оны 04 сарын 26
Зочин
Л.ЭНХБОЛД: 268 МЯНГАН ТОНН НҮҮРС ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ АТГ ИЛРҮҮЛЖ, ШАЛГАХ ЁСТОЙ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өчигдөр “Эрдэнэс Тавантолгойн” ордоос 268 мянган тонн нүүрс алга болсонтой холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр “Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сард нэгэн сайтад “Эрдэнэс Тавантолгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан. Би энэ асуудлаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” хоёрын хамтран гаргасан Ажлын хэсгийн акт надад ирсэн. Актан дээр “Эрдэнэс Тавантолгойн” талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, Эрдэнэс Тавантолгой уу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. 268 мянган тонн нүүрс гэдэг бол өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихлоо. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалттай байна. Энэ их хэмжээний нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно.

Хамгийн гол нь энэ нүүрс алдагдсан нь тодорхой. Энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байна. Тухайлбал, 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүр хилээр гарсан байдаг. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 ширхэг машин нүүрс гарсан гэсэн үг юм. Энэ асуудлыг одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй байна. Магадгүй 268 мянган тонн нүүрс ийм замаар гараад явчихсан юм биш биз дээ гэдэг хардлага надад төрж байна. Үүгээр зогсохгүй 4.2 сая мянган тонн нүүрсийг Тавантолгойгоос олборлосон байж болзошгүй хэмжилт ирсэн. Хэрвээ энэ асуудал баталгаажвал олон нийтэд мэдээлэл хүргэнэ” гэсэн юм.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөв.

-Та нүүрс дагасан том мафийн бүлэглэл бий болжээ гэж ярилаа. Баримт нотолгоотой зүйл байна уу? 

-Энэ хулгай Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. Нүүрс дагасан маш том мафын бүлэглэл бий болсныг тодотгоё. Энэ нь нам дамжсан бүлэглэл. Олон жил Монголын ард түмний баялгийг нийлж цөлөмдөг бүлэглэл байга.  Хэрвээ 4.2 сая тонн нүүрс алга болсон нь батлагдвал,  мөрөгцрийг хөндлөнгийн аудитараар шалгуулах ёстой. Ийм хэмжээний нүүрс алга болсон бол эзэн холбогдогчийг нь заавал тогтоох хэрэгтэй. Энэ асуудал хэдэн жил ингэж явсныг бид мэдэхгүй. Энэ хулгайд ганц компани оролцоогүй байх. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд шүлжээ бий болсон байна. Үүнийг л гаргаж тавьж, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна. 

-Энэ хэрэгт нам дамжсан бүлэглэлийнхэн оролцсон гэлээ. Танд ямар нэгэн таамаг байгаа юм уу?

-Эрдэнэтийн ард нам дамжсан бүлэглэл явж байгаа. Нүүрс хулгайлсан асуудал ч ижил. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-Дээрх хэрэг яг хэдэн онд болсон юм бэ?

-Хэдэн онд, ямар аж ахуйн нэгж 286 мянган нүүрс авсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтооно. Би он сарыг нь мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоол хилээр гаргачихсан юм биш биз дээ гэж хардаж байгаа. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байхыг үгүйсгэхгүй. 

-Таны яриад байгаа 286 мянган тонн кокосжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл гараад байгаа. Тухайн орд газар нь ямар нүүрстэй вэ?

-268 мянган тонн нүүрс Тавантолгойн орд газрын нутгаас гарсан. Энэ орд газрын нүүрс 70-аас доошгүй ам.доллароор зарагддаг кокосжсон нүүрс. Исэлдсэн нүүрс бол өөр үнэтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаар исэлдсэн нь хэд, кокосжсон нь хэд вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Гэхдээ аль ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй.

-379 мянган тонн нүүрс алга болсон гэдэг асуудал дээр Цагдаагийн байгууллага хэзээ дүгнэлт гаргасан бэ?

-Цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй. Эхлээд хуулийн байгууллага 286 мянган тонн нүүрсний хэргийг шалгаад он сар нь 379 мянган тонн нүүрс гаргасан хугацаатай таарч байвал энэ хулгай нэг замаар явж байгаа юм гэсэн үг. 268 мянган тонн алга болсыг Мэргэжлийн хяналтын байгууллагын Уул уурхай хариуцсан байцаагч хэмжилт хийгээд тогтоосон. 

-“Эрдэнэс Тавантолгой” копмани дээр танд ашиг сонирхолын зөрчил байна уу. Таныг ТУЗ-д нь өөрийнхөө хүнийг оруулах гээд ярьж байна гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Миний ашиг сонирхол байхгүй. 1998 онд Тавантолгойн 49 хувь миний хувь байсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар энэ компанитай холбогдоогүй. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон. Өнөөдрийг хүртэл би энэ хэргээр маргаан үүсгээгүй. Энэ нь надад нэг кг ч нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулах байх. Би нутгийнхандаа эндээс ганц хүрз шороо ч хөндөхгүй, тийм сонирхол байхгүй гэж хэлдэг.

-Энэ их хэмжээний нүүр хэдхэн хоногт гарах боломжгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэлсэн. Яг хэдий хугацаанд гарсан талаар мэдээлэл байна уу?

-Тавантолгой ХХК 2017 оны тавдугаар сарын 23-аас сарын хугацаанд бүх үйл ажиллагааг зогсоогоод нэг хятад компанид нүүрс олборлох эрх олгосон. Энэ бас ноцтиой асуудал. Энэ үеэр бүх хүчин чадлаа ашиглаад 268 мянган тонн нүүрсийг нэг сарын дотор гаргаж болно.

-Хэрвээ АТГ-аас энэ хэргийг шалгаж тогтоогоод санхүүгийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг нотолбол та ийм мэдээлэл тараасныхаа хариуд хариуцлага хүлээх үү?

-Хүлээнэ. Би хариуцлага хүлээхэд бэлэн.

О.Сайхан 
Оллоо.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.