2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хамтарч хулгайлаад Солонгост ялтан, Монголд сайд

У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэхэд түүнтэй холбоотой хэргүүдийг намаас нь, мөн Ерөнхийлөгчөөс болон  сөрөг хүчнээс ил болгон тавьсан. Түүнийг өмнө нь төрсөн нутаг болох Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын компанид худалдсан хийгээд түүнтэй хамаарал бүхий этгээдийг нэрлэж байв. Улмаар Сангийн сайдад ийм эрх ашгийн зөрчилтэй хүнийг томилж болохгүй гэж МАН-ын зарим гишүүн, сөрөг хүчинтэйгээ нийлж эсэргүүцэж байв. 

Тухайн үед УИХ дахь олонхийн бүлэг Ч.Хүрэлбаатарыг унагах дөхсөн ч  тун цөөхөн саналын илүүтэйгээр Сангийн сайд болсон юм. УИХ-аар томилогдсоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй. Гэвч УИХ дахь олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй  бөгөөд энэ нь Монголын парламентын түүхэнд сайдын томилгоонд тавьсан төрийн тэргүүний анхны хориг байв.

Тэгвэл Монголд Ерөнхийлөгчийн хоригийг ч тоохгүй байхад, Өмнөд Солонгост Ерөнхийлөгч байсан хүнээ бариад хорьчихлоо. Хаа холын Солонгост болж буй энэ үйл явдалтайбуюу Ерөнхийлөгч асан И Мён Бакийн авлигын хэрэгтэй холбоотойгоор манай  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр давхар хавчуулагдаж улмаар “Хотгор шанага”-ын уурхайн лицензтэй холбоотой дуулиан дахин сөхөгдөж эхэллээ.

Хэргийн холбогдлыг сийрүүлбэл, Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал юм. Ингэхдээ Ч.Хүрэлбаатарын хоёр ах болон түүний туслахаар ажиллаж байсан К.Дэмбэрэлийн дансаар гүйлгээ хийсэн баримтыг зарим эх сурвалжууд дэлгэсэн.

Хэдийгээр Ч.Хүрэлбаатар сайд “Хотгор шанага”-ын орд өөрт нь хамааралгүй, лицензийг нь зараагүй, тэр битгий хэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийг ч танихгүй. Энэ бол гүтгэлэг гэж ярьдаг ч түүний ярьсныг үгүйсгэх баримтыг Солонгосын зарим хэвлэлүүд дэлгэж эхэллээ.

Тухайлбал, Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бакийн  эзэмшилд байдаг “Sun Tree” компанид Монголын уурхайн “Хотгор шанага”-ын ордыг 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд шилжүүлэн өгчээ. Энэ үйл ажиллагаанд одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцсон болохыг Солонгосын хэвлэлүүд онцолж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хүмүүс тус ордыг 10 сая ам.доллараар худалдсан бол түүнээс урьдчилгаа болгож нэг сая ам.долларыг хоёр ах болон, туслахынх нь дансаар дамжуулан авсан болохыг баримтаар нотолжээ.

Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас Ерөнхийлөгч асан И Мён Бакийг эрх мэдлээ урвуулан ашигласан, нэр бүхий этгээдүүдээс авлига авсан хэрэгт буруутгаж, түүнийг баривчилсан билээ. Прокурооос И Мён Бакт 30-45 жилийн ял ногдуулахаар  төлөвлөж байгааг мэдээлж байна.

Монгол Улсын газрын доорхи баялаг болох “Хотгор шанага”-ын нүүрсний ордыг худалдахад оролцсон гэх харийн иргэн, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хуулиар шийтгүүлэх нь нэгэнт тодорхой боллоо. Харин ард түмнийхээ өмчид хүйтэнд сэтгэлээр хандаж, ард түмнээсээ хулгайлсан Сангийн сайддаа Монгол улс ямар хариуцлага хүлээлгэхийг дэлхий нийт харж байна. Шударга ёс нэг л байдаг. Хамтарч хулгай хийсэн хоёрын нэг нь Солонгост ялтан болж байхад, нөгөө нь Монголд сайдын албан тушаалаар шагнуулж байх нь шударга ёс мөн үү. Тэгээд ч Монгол Улс чинь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн учир дэлхий нийтэд ил болсон авлигын энэ хэргийг шударга шийдэж чадахгүй бол ирэх жил авлигын индексээр их л сүүл мушгина даа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.