2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР /2017-2019/”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулинд Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Дээрх зорилтыг хангах үүднээс Монголбанкнаас бодлогын болон Төв банкны уламжлалт арга хэрэгслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна олон улсын сайн туршлага, нийтлэг жишгээр Монголбанкны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг дунд хугацаанд төлөвлөх, цогц байдлаар үйл ажиллагааны хөтөлбөр батлан хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Энэхүү шаардлагын дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-10 дугаар тушаалаар “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр 2017-2019”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлон стратегийн хувьд дараах үндсэн 5 чиглэлд тулгуурлав. Үүнд:

I. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ

Хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлийн хүрээнд 2 хуулийг шинээр боловсруулж, 3 хуульд шинэчилсэн найруулга хийж, 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хөтөлбөрт тусгагдсан. Үүнээс “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийг шинээр боловсруулж, “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, “Банкны тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-иудад нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын Их хурлаар батлуулсан. Актив удирдлагын тогтолцооны хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хууль санаачлагчид уламжлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай, Векселийн тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

II. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ

  • Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Мөнгөний бодлогын талаарх Монголбанкны шийдвэр нь хамтын шийдвэр байх тогтолцоог бүрдүүлж, мэргэжилтнүүдийн санаа бодол, мэдлэг чадвар нийлсэн бодлого, үйл ажиллагааны дүнд хамтын шийдвэр гаргадаг тогтолцоог бий болголоо.
  • Захирлуудын зөвлөл, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын хороо зэрэг харилцан уялдаатай хамтын бүтэц дээр тулгуурлан гол шийдвэрүүдийг гаргаж байна.
  • Бодлого боловсруулах, бодлого хэрэгжүүлэх чиг үүргийг салгах зарчмыг баримтлан Мөнгөний бодлогын газрын чиг үүргээс бодлого хэрэгжүүлэх чиг үүргийг салгаж, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газарт шилжүүлсэн.
  • “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Төлбөр тооцооны газрыг өөрчлөн байгуулсан.
  • Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлого боловсрууллалт, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг байгуулж, Монголбанкны системд учирч болох эрсдэлийг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Мэдээллийн технологийн газрын бүтцэд Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан нэгжийг байгууллаа. Мөн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, зээлийн мэдээллийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх зорилгоор Зээлийн мэдээллийн албыг байгууллаа.

III. ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ

  • Олон улсын туршлагад суурилсан Төв банкны үндсэн зорилттой нийцтэй “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
  • Банк дундын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах боломж нөхцөлийг бүрдүүлэх Монголбанкны барилгыг олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэх, ажилтнуудын ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор ҮЦГТ-ийн шинэ байр бариулж байна.
  • Бусад улс орнуудын Төв банкууд, олон улсын болон дотоодын сургалтуудад ажилтнуудыг хамруулж, мэргэжлийн ур чадвар суулгах, мэргэшүүлэх чиглэлд тогтмол анхааран ажиллаж байна.

 

IV.  ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, АРГА АЖИЛЛАГААГ НЭВТРҮҮЛЭХ

 

  • Монголбанкны дотоод үйл ажиллагааг цаасгүй технологид шилжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, ажилтнуудын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд шинэ програм хангамжуудыг боловсруулж, дотоод үйл ажиллагаандаа ашиглаж байна.
  • Банкны системийн эрсдэлийг бууруулах, банк хоорондын захын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд програм хангамжийн болон тайлагналын хэд хэдэн шинэ дэвшилийг нэвтрүүллээ.
  • ОУВС-ийн мэдээлэл түгээх стандартын дагуу  Монголбанкнаас боловсруулан гаргаж байгаа статистик мэдээлэл тархаалтыг сайжруулах зорилгоор Монголбанкны статистик мэдээллийн веб хуудсыг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байхаар хөгжүүллээ.
  • Их дүнтэй гүйлгээ дамжуулах RTGS системийн 2 дахь үеийн хувилбарыг 2018 оны 11 дүгээр сард амжилттай нэвтрүүллээ. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголбанкинд хэрэгжиж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд одоогийн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системийг сольж, олон улсын стандартад нийцсэн Автомат Клиринг Хаус буюу ACH+ системийг нэвтрүүлсэн.
  • Мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийн шинэ технологийн талаар судалж, 5000-тын дэвсгэртийн хамгаалалтын элементийг сайжруулан, орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох Спарк бэхэн хамгаалалтыг нэвтрүүлж, гүйлгээнд гаргасан.
  • Монголбанкны санхүүгийн тайланд санхүүгийн тайлагналын олон улсын 9 дүгээр стандартыг нэвтрүүлэх ажлыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

V.  ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ

  • “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг цогц баримт бичгүүдийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн гишүүн байгууллагуудтай хамтран баталсан.
  • Монголбанк, бусад төрийн байгууллагуудын хооронд өмнө нь байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг шинэчлэн боловсруулж, мөн хэд хэдэн байгууллагуудтай шинээр байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Монгол улсын Засгийн газар, Монголбанк, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
  • Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж, мөн  тус банкны дэмжлэгтэйгээр Динамик Стохастик Ерөнхий Тэнцвэр (ДСЕТ)-ийн загварыг хөгжүүлж байна.
  • Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгох, олон улсад мөрдөгдөж буй стандарт, хэрэгжүүлж буй арга хэмжээг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа, дотоод журамд нэвтрүүлэхээр олон улсын байгууллага, гадаад улс орнуудтай хамтран ажиллаж, дэмжлэгийг хүлээж авлаа.
  • Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй RAMP /Reserves Advisory and Management Program/ хөтөлбөрийн хүрээнд нөөцийн удирдлагыг сайжруулах, нөөцийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • БНСУ-ын Төв банкны “Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкны баг бүрэлдэхүүн болон БНСУ-ын Төв банк, Олон улсын эдийн засгийн бодлогын институцийн (KIEP) баг бүрэлдэхүүн хамтран “Санхүүгийн тогтвортой байдал: Байгууллагын шинж чанар ба Макро зохистой бодлогын хэрэгжилт” сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэв.
  • Child&Youth Finance International, Дэлхийн банк, OECD, Германы Хадгаламжийн банкны ОУ-ын хамтын ажиллагааны сангийн /Finanzgruppe/ Төв, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  

           Эх сурвалж: Mongolbank.mn

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.