2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Камбож улсад аялах хятад жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Камбож улсад нийт 931763 хятад жуулчин аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 75.8 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай Камбожийн аялал жуулчлалын яамнаас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлсэн байна.

Зүүн Өмнөд Азийн хаант засаглалтай Камбож улс нь энэ он гарсаар гадаадын гурван сая жуулчин татаад байгаагийн 31 хувийг хятад жуулчид эзэлж байгаа нь тус улсыг хамгийн ихээр сонирхон аялсан гадаадын 10 орны жуулчдыг тэргүүлж байгаа ажээ.

“Манай улс 2018 онд хамгийн багадаа 1.7 сая хятад жуулчин татна хэмээн төлөвлөж байгаа ба 2020 он гэхэд энэ тоо 2.5 сая хүрнэ хэмээн таамаглаж байна” гэж тус улсын аялал жуулчлалын яамны сайд Тонг Хон мэдэгджээ.

Камбож улс нь дэлхийн үнэт өв санд бүртгэгдсэн гурван газраараа алдартай юм байна. Тэдгээрийг дурдвал, Сием Реап муж дахь Ангкор археологийн хүрээлэн, Преах Вихеар муж дахь “Преах Вихеар” сүм болон Кампон Том муж дахь “Самбор Прей Кук” археологийн дурсгалт газар ажээ.

Дээрх газруудаас гадна, тус улсын баруун өмнөд хэсгийн Кахкон, Преах Сиханоук, Кампот болон Кеп зэрэг дөрвөн муж дамнан 450 километр урт сунаж тогтсон онгон дагшин, хүний гар хүрээгүй эргийн шугамтай юм байна.

Аялал жуулчлал нь тус улсын эдийн засгийн гол дөрвөн салбарын нэгд тооцогддог аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.