2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор удирдлагын шинэ бүтцийг баталсан байна.

Мягмар гарагийн өглөө болсон “Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа тус компанийн захирлуудын зөвлөл хуралджээ. Хувьцаа эзэмшигчид 11 захирлын томилгоог баталсны дунд хөндлөнгийн 7 гишүүн багтахаар болжээ.

Захирлуудын зөвлөл Хирото Сайкаваг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албаа үргэлжлүүлэн хашихыг санал нэгтэйгээр зөвшөөрчээ. Шинээр томилсон захирлуудын нэг Ясүши Кимүра зөвлөлийн даргаар томилогдсон байна.

Түнш “Renault” компанийн тэргүүн Жан-Доминик Сенардыг дэд даргаар томилжээ. Мөн гурван шинэ хорооны гишүүдийг тус тус томилсон байна. “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны санхүүгийн дуулиантай холбоотойгоор ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр томилгоог хийжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.