2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Boeing 737 MAX” загварын онгоцуудыг зургадугаар сар хүртэл нисгэхгүй

Америкийн агаарын тээврийн “American Airlines” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудын нислэгийг зогсоох хугацааг зургадугаар сарын 5 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэ тухай тус компанийн цахим хуудсанд ням гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

“Эцсийн мөчид нислэг тасалдахаас зайлсхийх, түүнчлэн нөхцөл байдлыг илүү тодорхой болгохын тулд “American Airlines” компани ийм шийдвэр гаргалаа. Хуваарийн дагуу өдөр бүр 90 орчим нислэг цуцлагдана” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Программ хангамжийг нь шинэчлэх ажил дуусахаас нааш АНУ-д "Boeing 737 MAX 8" болон 9 загварын нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон хэвээр байна гэж “Reuters” агентлаг урьд нь мэдээлжээ.

“Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудыг цаашид ашиглахтай холбоотой асуудлыг АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн удирдах газар, Тээврийн яам, Тээврийн аюулгүй байдлын зөвлөл болон бусад зохицуулагчид хэрхэн шийдэхийг “American Airlines” компани хүлээж байгаа аж. Тус компани “Boeing 737 MAX” загварын 24 нисэх онгоцоо бүгдийг нь нислэгт гаргахгүй байгаа юм.

Тусгай захирамж гарах хүртэл "Boeing 737 Max 8" ба "Max 9" загварын онгоцуудын нислэгийг зогсоох шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 13-нд мэдэгдсэн юм. Этиоп улсын агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX 8” онгоц гуравдугаар сарын 10-нд осолдож, 157 хүн амиа алдсан билээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард мөн Индонезын “Lion Air” компанийн ийм загварын нисэх онгоц осолдож, 189 хүн амиа алдсан. Уг хоёр онгоц ижил төстэй шалтгаанаар осолдсон гэж үзэж байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.