2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Америкийн хотуудын эрх баригчид Д.Трампыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг конгресст уриалжээ

АНУ-ын 10 хотын удирдлага Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хандан, Дональд Трампыг огцруулах эсэхийг хэлэлцэх журмыг /procedure/ хэрэгжүүлж эхлэхийг уриаллаа. Энэ тухай даваа гарагт Америкийн “Politico” сонинд  мэдээлсэн байна.

Энэ уриалгад хамгийн сүүлд Массачусетс муж улсын Бостоны ойролцоо орших Бруклайн гэдэг жижиг хот нэгджээ. Тус хотын удирдлага үүнээс өмнө тус муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүдэд хандан мөрдөн шалгалт эхлүүлэхийг уриалсан ба энэ мөрдөн шалгалт нь эцсийн дүндээ Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахад хүргэх ёстой гэж үзэж байгаа юм. Мөн энэ муж улсын Кембриж, Амхерст, Пелэм, Леверетт хотууд ч мөн ийм уриалга гаргасан бол Ньютон хотын эрх баригчид үүнийг дэмжих эсэхээ хэлэлцэж байгаа аж.

Калифорни муж улсын Лос-Анжелес хотын зөвлөл 5 дугаар сарын эхээр Конгресст хандан, импичментийн үйл ажиллагааг эхлүүлэх санал тавьж байсан юм. Уг саналыг тус муж улсын бусад хотын удирдлагууд дэмжсэн билээ. Чикаго хотын эрх баригчид мөн адил ийм баримт бичгийг бэлтгээд байгаа бөгөөд түүнийг нь дэмжиж байгаа хүмүүс цөөнгүй байгаа аж. Хотын зөвлөлүүдийн эдгээр уриалга нь одоохондоо зөвхөн зарлал тунхагийн шинжтэй байгаа юм.

Импичмент гэдэг нь холбооны албан хаагчийг /үүнд АНУ-ын Ерөнхийлөгч мөн хамаарна/ “улс орноосоо урвасан, авлига хээл хахуульд орооцолдсон болон бусад хүнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчил” гаргасанд буруутган хариуцлагад татахыг хэлдэг.

Тухайн хүнийг импичментээр буруутгах эрх Конгрессын Төлөөлөгчдийн танхимд байдаг бол шүүх хуралдааныг Сенатад /дээд танхимд/ АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалан явуулдаг ажээ. Хуралдаанд оролцсон Сенатын гишүүдийн гуравны хоёр нь огцруулахыг дэмжсэн тохиолдолд тухайн албан тушаалтныг огцруулдаг байна.

АНУ-д төрийн тэргүүнийг огцруулах импичментийг гурван ч удаа санаачилж байжээ. 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсоныг /1865-1869/ цэргийн сайдыг хууль бусаар огцруулсан гэж буруутгасан бол Билл Клинтоныг 1998-1999 онд шүүхэд худал мэдүүлэг өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байв. Харин энэ хоёр Ерөнхийлөгчийг Сенат цагаатгасан билээ. Харин Ричард Никсон /1969-1974/ Сенатын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өөрөө огцрох өргөдлөө өгч байжээ. Түүнийг “Уотергейт” гэдэг улс төрийн томоохон дуулианд холбогдуулан огцруулах асуудал яригдаж байсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.