2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Талын хулан Сибирийн тайгад давхиж байсныг нотлох сонирхолтой баримт олджээ

Одоогоос 3 мянган жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед Енисей болон Ангар мөрний бэлчир орчмын газар нь Сибирийн тайга бус тал хээр газар байсан бөгөөд анчид, загасчид амьдардаг байжээ. Сибирийн Холбооны их сургуулийн эрдэмтэд Красноярскийн хязгаарт малтлага хийх явцдаа илжигтэй төстэй хулан гэдэг жижиг амьтны үлдэгдэл ясыг олсныхоо дараа ийм дүгнэлтийг хийсэн байна.  

Казахстан, Монгол, Туркменистаны тал нутагт өргөн тархсан хулан гэдэг энэ амьтан тэгш тал ба жижиг толгод бүхий газарт бэлчээрлэдэг. Харин Красноярскийн хязгаар, Сибирийн тайгад огт байдаггүй. Энэ удаад Лесосибирскийн районд хулангийн ясны үлдэгдэл олдсон явдал нь одоогийн тайга байгаа газар нь эрт дээр үед хуурай тал газар байсныг нотолж байна гэж Сибирийн түүх, археологи, угсаатны зүйн лабораторийн эрхлэгч, Сибирийн Холбооны их сургуулийн профессор Павел Мандрика ярилаа.

Хулангийн үлдэгдэл яс Енисейн талын бүсээс хойд зүгт 500 км-ийн зайд орших газраас олдсон нь Манай Эриний Өмнөх 2000 жилийн сүүлчээр уг газар нь хуурай халуун уур амьсгалтай байсныг нотолж байна. Эртний уур амьсгал судлаачид /paleoclimatologist/ хүлэрт намагтай газар, ургамлын тоосонцор, модны жилийн цагираг зэргийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлт хийжээ.   

Сибирийн Холбооны их сургуулийн эрдэмтэд 20 жилийн турш түүх, археологийн баримтуудыг цуглуулан судалж байгаа юм. Одоо тус сургуулийн Археологи, угсаатны зүй, түүхийн лабораторийн ажилтнуудын хувьд Сибирийн Енисейн эртний түүхийг судлах боломжийг эрдэмтдэд олгох үүднээс мэргэжлийн олон чиглэлээр судалгаа явуулдаг Эрдэм шинжилгээний шинэ төв байгуулах зорилт тулгарч байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.