2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд...

Ойрын өдрүүдийн шуугиан гэвэл “бүх цаг үе”-ийн хамгийн азгүй хэлмэгдэгчээр “Херо”-гийн хэмээх Баатар гэдэг найруулагч тодорч байх шиг байна.

Түүний хамгийн супер хэлмэгдэл нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэрийн элдэв ярианы бичлэг алдагдсан нь. Тухайн үедээ маш том бүлэглэл миний бичлэгийг хулгайлсан гэснээр сошиал ертөнцөд “Мааш том бүлэглэл” хэмээх шооч үг бий болж байв. Түүний өмнө хийгээд хойно экс эхнэр, амрагийнх нь ярианы бичлэг алдагдсан. Экс эхнэрийнх нь амрагтай нь уулзсан бичлэг сошиалаар тархсан гээд дуулиан олон. Бүр нь нэрт жүжигчин бүсгүйгээс өмнөх эхнэрийнх нь ярианы бичлэг задарсан ч “хэрэг” гарч л байсан юм билээ.

Одоо харин У.Хүрэлсүхтэй ярьсан утасны ярианых нь бичлэг хоёр намын удирдлагууд, №01,02-ыг хамруулсан хэрүүл болж байна.

Х.Баатартай холбоотой элдэв бичлэгүүдийн хэрэг ч цар хүрээ нь улам томорсоор. Эхнэр хүүхнүүдийн элдэв ярианаас эхлээд Маш том бүлэглэлийн гэсэн тайлбар өнөөдөр бүр ч томорч Монголчуудын эрх ашгийн хэмжээнд тайлбартай болов, өөрийнх нь хэлснээр.

Твитерт Херо Баатар: 

Би холбогдох газарт нь хуулийн дагуу хандана. Цаг өөр болсон шүү! Энэ бол ганцхан миний эрх ашиг биш! Маш олон монголчуудын эрх ашиг гэсэн тайлбар зүүсэн нь одоо монголчуудыг айлгах ёстой болж байгаа юм даг уу?

Утасны ярианы хувьд жирийн л нэг “саагасан” яриа. Өдгөө Монголын “наамбар ван”, PR-чин, “бичлэгчин” болоод байгаа Баатар, Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчтэй уулзуулах талаар нэлээд шамдуухан сануулж, үг өдөх, догиох маягийн. Хүрэл “топор” ч бага зэрэг болгоомжлох маягийн ч инээж, хөхрөөд л бас “бичлэг нь алддагдаг”-ийг Баатартаа сануулах маягийн. “Наамбар ван PR-чин” харин “Энэ ялалтанд таны хувь нэмэр их байгаа гэдгийг би Тулгаа ахад хэлээд л байгаа” гэж “ивэх” маягийн. Энэ нь ч эргээд намын даргад хамгийн “шанс”-тай гэгдэж байгаа У.Хүрэлсүхийг эсрэг намынхантайгаа хамтарч ажилласан гэх ялд унагах нь тодорхой.

Угаасаа МАН-ын дотор хэдийнэ хэрүүл тэмцэл дэгдээд байгаа болохоор “хэрэг”-ээ ч бүтээж байх шиг байна.

Харин зууны азгүй хэлмэгдэгч маань энэ удаад прокурорт албан ёсоор өргөдлөө гаргасан талаараа мэдээлэв.

Тэрбээр:

...Миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улс төрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж байна. Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм.

...Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа нэг үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй, жирийн уран бүтээлч хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш. Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.

...Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна гэх мэтээр чухам “зангараг”-тай гомдол гаргажээ. Ер нь бол энэхүү бичлэгийг тагнуулын байгууллагынхан бичиж, тараасан гэж үзэж байгаа бололтой юм.

Халдавч халдавч хар халзандаа гэгчээр бичлэг нь алдагддагаараа зартай “тэр маань” одоо тагнуулынхны ажлыг “шалгах” нь. Ер нь бол иймэрхүү бичлэгийг тагнуулынхан хийж, тараадаг бол тагнуулынхан ичиг ичиг л гэмээр.

Мэдээж хэрэг, хэн бичлэг хийсэн тараасан болохыг шалгадаг байгууллага нь шалгаад тогтоох ёстой. Бүр нам, хөтөлбөргүй тогтоох ёстой. Өмнөх шигээ л яасан нь мэдэгдэхгүй элсэнд шургуулалгүйгээр. Энэ мэт дуулиан газар авахаа ч болиг, яршиг. Алдагдсан бичлэгийн дуулиан гэдэг сэдэв аль хэдийнэ эл доль болчихсон байгааг хэн хэн нь мэдэж л байгаа байлгүй.   

Дашрамд улстөрийн тулхтай том хүчин гэгддэг МАН ч нэг иймэрхүү өмд гутлын гэмээр зүйлсийг өндөр “авахуулж”, хэрүүлийн бай болговол онигоо.

Эцэст нь сошиалын нэг наргиа:

-Нууцалсан бичлэгнүүдийг задлахтүн
-Хэнээр
-Баатараар...

To be continue буюу Х.Баатарын дуулиан цаашид ч үргэлжлэх биз.  Хэрхэн үргэлжлэхийг бид мэдэхгүй ч, сценари бол байгаа л биз. Түүнд нь тэгээд хуурнан шуугигчид нь дагаад шуугиж л байна биз, хэдхэн хоногийн дараа мартагдана. 

Гэхдээ “Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд...” гэдэгчлэн өмд гутлын гэмээр хэрүүлээ өмд гутланд нь үлдээгээд, нам нь нам шиг, хүн нь хүн шиг байхад болмоор шиг. Сошиалд л хандалт нэмэрлэдэг байхаар хэмжээний иймэрхүү сенсацийг “ажил” болгохоо аль аль нь больчихмоор л юм. Намхан хэрүүлээр орооцолдох тусам хүн нь ч, нам нь ч намхан харагдах гээд байна шүү, таминь ээ.

А.Туяа

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.