2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хөвсгөл аймгийн “Хөх сувд-2024” “Шилдэгийн шилдэг Хөх сувдын эзэд” -ээ тодрууллаа

Ц.МЯГМАРБАЯР

Хоймор нутгийн хийморлог ард түмний  төлөөллийг нэгтгэсэн  Хөвсгөл аймгийн  нутгийн зөвлөл 18 дах жилдээ “Хөх сувд-2024” шинэ жилийн цэнгүүнээ энэ сарын 22нд их хотын зүрхэнд орших Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан юм. Хөвсгөл нутгийн уугуул Монгол Улсын соёлын гавъяат  зүтгэлтэн нэвтрүүлэгч Д.Цоодол гэрэлт царай, хүчирхэг дуу хоолойгоороо цэнгүүнд морилогсдын анхаарлыг тайз руу чиглүүлж зургаан ястаны өлгий болсон нутгийн магт шүлгийг дуу хуурын аялгуунд чихэнд хоногштол уран яруу уншсан нь Хөвсгөлийнхөө хөвч тайгад аялж өндөр сарьдаг уулсын оройгоор Жангас тайгийн аяыг хамтдаа аялж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дах  Нутгийн зөвлөлөөс Хөвсгөл аймгаа “Соёнгийгүүлэгчдийн өлгий нутаг” хэмээн зарлаж байхаар тогтсон билээ. Соёнгийгүүлэгчдээрээ илүүрхэх Хөвсгөл нутгийн  үе үеийн соёнгийгүүлэгчдийн нэг Жалханз хутагт Дамдинбазарын өлгий болсон одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн уугуул  Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Монголын Улсын соёлын гавъяат Жамцын Бадраа агсаны “Халуун элгэн нутаг”  дууг “Увертюра” хамтлагынхан  дуулснаар “Хөх сувд-2024” наадам эхэлсэн юм.  Унаган нутгийн үе үеийн төлөөлөл болсон энэхүү цэнгүүнд Хөвсгөл аймгийн  уугуул УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Монгол Улсын гавьяат багш, ардын багш Ж.Нямжав, паралимпийн дэлхийн аврага Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  Э.Содномпэлжээ, Улаанбаатар хот дах Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг болон бусад шилдэг тэрүүний хүмүүс уригдан ирж хүндэтгэлийн ширээнд тухалсан байлаа. Түүнчлэн нутаг орноо гэсэн сэтгэлтэй Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй 21 сумын төлөөлөл болсон 300 гаруй Хөвсгөлчууд баярын ширээний ард  баяр хөөрөөр дүүрэн суудлаа эзэлсэн байв.

2023 онд Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон Ц.Цэцэнзориг “Хөх сувд -2024” цэнгүүнийг нээж баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр “ Манай нутгийн зөвлөл байгуулагдсанаас хойш 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ТББ. Өнгөрч буй 2023 онд Нутгийн зөвлөл санаачилж Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран “Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээг  нийслэлийн төв талбайд зохион байгуулж Улаанбаатарчуудаа нутгийнхаа идээ ундаа, брэнд бүтээгдэхүүнээрээ дайлж хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр “Хөрөнгө оруулалтын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Түүнчлэн 2023 онд Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай аймагт ажиллах үеэрээ Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг шийдвэрлэж  өглөө. Энэ маш том боломж. 2024-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласан.  Үүнд Хөвсгөл аймаг манлайлан оролцох ёстой. Мэдээж байгалийн өвөрмөц тогтоц, цэвэр ус, цэвэр агаараар бид ялгарах нь тодорхой. Тиймээс  давуу талдаа  тулгуурласан аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхэд Нутгийн зөвлөл манлайлж оролцоно. Хөвсгөл нутгаа гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй бүх  хүмүүсийн нэгдлийг бий болгохын төлөө хичээн ажиллахыг зорьж байна. Ингээд энд хуран цугларсан та бүхэнд шинэ ондоо ололт амжилтаар дүүрэн байхыг ерөөе” гэсэн юм.   

“Шилдгийн шилдэг Хөх сувд”-ын эзэд тодров

Цэнгүүний хамгийн хүндтэй торгон мөч бол  Хөвсгөл  нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл зүрх, үйлс бүтээлээ зориулж, нутаг орныхоо нэрийг улс болон тив дэлхийд  цуурайтуулж яваа эрхэмүүд болон хөгжлийн их бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн хүмүүсээ 7 номинациар тодруулж цом өргөмжлөл гардуулсан хэсэг байсан юм. Нутгийн зөвлөлийн дээд шагнал болох “Шилдэгийн шилдэг Хөх сувд ”-ын эздээр хоёр хүнийг тодруулсан нь онцлог байлаа.  Үүнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Монгол Улсын гавъяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, параолимпийн аварга тамирчин Энхбаярын Содномпэлжээ,  Монгол Улсын Гавьяат багш, Монгол Улсын ардын багш Жигжидийн Нямжав нар тодорч  цом, өргөмжлөлийг Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг гардуулан өглөө.

“Шилдэгийн шилдэг Хөх сувд ”-ын эзэн Ж.Нямжав цом өргөмжлөлөө хүлээн аваад хэлсэн үгэндээ ”Хөвсгөл нутаг яахын аргагүй соёнгийлүүлэгчдийн өлгий нутаг. Олон арван соёнгэгээрүүлэгчид төрөн гарсан. Тэднээс гурван хүнийг онцолж хэлмээр байна. Энэ гурван хүн бол Хөвсгөл төдөөгүй Монголын ард түмнийг шинжлэх ухааны замаар замнахад мөрийг нь гаргасан Хөдөлмөрийн баатрууд юм. Шинэ-Идэр сумын уугуул Базарын Ширэндэв. Энэ хүн 1942 онд Монгол Улсын их сургуулийг байгуулж захиралаар нь ажиллаж байсан. 1961 онд Шинжлэх ухааны академийг байгуулж ерөнхийлөгчөөр нь ажилласан. Академич, ШУ-ны доктор, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ШУ-ны гавъяат ажилтан. Ийм зургаан шагнал хүртсэн хүн монголд байхгүй юм аа.  Тиймээс Хөвсгөлчүүд энэ агуу хүнээр бахархах ёстой.  Дараа нь Түмэнбаярын Дашцэдэн. МУИС-ын нэгдүгээр орлогч реферэнт. Хөдөлмөрийн баатар. Гарамгай уран, алт мөнгөний дархан. Эмээл хазаар урладаг Галт сумын уугуул нэртэй дархчуудын удамын хүн. Монгол хэлийг гарамгай эзэмшсэн доктор профессор. Дараа нь Бираагийн Чимэд. Монгол Улсын гавъяат хуульч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, доктор профессор. Монголын Үндсэн хуулийн эх баригч. Энэ гурав маань одоогийн эрдэмтэдийн зам мөрийг зааж чиглүүлсэн агуу эрхэмүүд юм. Эдгээр соёнгийгүүлэгчид зөвхөн Монгол төдийгүй олон улсад Монгол улсыг таниулсан хүмүүс. Тиймээс залуучууд та бүхэн тэдний үргэлжлэл болж яваарай гэж ерөөе” гэсэн юм.

“Шилдгийн шилдэг Хөх-сувдын эзэн” Жигжидийн Нямжавын амжилтаас дурдвал,  2001 онд Нью Иоркт төвтэй гуравдагч орнуудын шинжлэх ухааны академиас хэвлүүлсэн номд Монголын асуудал шийдвэрлэх сургалтын нэрт мастер хэмээн товч намтрыг хэвлэв. 2007 онд дунд сургуулийн математикийн хөтөлбөрийн 4 дэхь багана гэгдэх магадлалын онолыг Ж.Нямжавын санаачилгаар оруулсан. Мөн Ж.Нямжав өөрийн шавь Л.Чимэд-Аюушийн хамт Монголын 1, 5, 10 жил ажилласан математикийн багш нарт 10 жилийн турш БМД институт дээр магадлалын онолын сургалтыг явуулжээ. 2022 онд аймгуудын математикийн багш нараас анх удаа Ардын багш цол тэмдэг хүртжээ.

 “Шилдгийн шилдэг Хөх-сувдын эзэн”Энхбарын Содномпэлжээ нь 2018 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ий алтан медаль, /105 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг 242.5 кг болгож шинэчлэн тогтоосон. 2018 оны пара пауэрлифтингийн Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, 2018 онд “Жакарта 2018” Азийн зуны паралимпийн наадмын алтан медаль /107 кг-д 244 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилт, Азийн паралимпийн наадам болон Ази тивийн дээд амжилтыг нэг дор 4 удаа шинэчлэн тогтоосо. пауэрлифтингийн ДАШТ-ий алтан медаль -2019 оны пауэрлифтингийн /IPF/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2019 оны пауэрлифтингийн /IPF/ “Арнолд классик” тэмцээний мөнгөн медаль, 2019 оны наймдугаар сард дэлхийн дээд амжилтаар “ГИННЕС”-т бичигдсэн. 2021 оны  “Токио 2021” Зуны Паралимпийн аварга юм.

Номинацийг нэрлэвэл, “Шилдэг оюутан”, “Шилдэг залуу манлайлагч”, “Шилдэг бүтээлийн эзэн”, “Шилдэг бизнес эрхлэгч”,”Шилдэг нутгийн зөвлөл”, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн”, “Шилдэгийн шилдэг Хөх сувдын эзэн”.

“Шилдэг оюутан” номинацийн эзнээр Хөвсгөл амйгийн Галт сумын харъяат АНУ-ын Бостон хотын Массачусетийн технологийн их сургуульд суралцаж буй  Сарангэрэлийн Сумъяажав тодорч шагналыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гардуулсан юм. С.Сумъяажав өөрөө ирэх боломжгүй байсан тул түүний ах цом өргөмжлөлийг нь  гардан авсан юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл алс хол суралцаж байгаа түүнд баяр хүргэж эрдмийн их үйлсэд нь амжилт хүссэн юм.

Оны “Шилдэг залуу манлайлагч “номинацийн эзнээр Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул,“Монголын далд уурхайн хөгжил, менежментийн нийгэмлэг” ТББ-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, уул уурхайн инженерийн зөвлөх үйлчилгээний “БАТ ЮҮ ЖИ Майнинг”ХХК-ийн ерөнхий захирал Батсүхийн Батбаяр тодорлоо.

“Шилдэг бизнес эрхлэгч” номинацийн эзнээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат “Хүннү мебель” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Капитал Инвестмент Фанд” хөрөнгө- оруулалтын сангийн захирал  Энхболдын Эрдэнэбилэг тодров.  

“Шилдэг нийгмийн зүтгэлтэн”- ээр  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Ойн гавъяат ажилтан Төмөрийн Жамсран нар тодорлоо. Тэрбээр  1983 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд нийтдээ 7,7 мянган га талбайг ойжуулах ажлыг зохин байгуулж, 22 сая орчим ширхэг 2-3 настай нарс модны тарьц суулгаж ойгүй болсон талбайг ойтой болгосон зэрэг амжилтаар номинацийн эзэн болжээ.

Шилдэг нутгийн зөвлөлөөр Рашаант сумын нутгийн зөвлөл тодорч өргөмжлөл цом мөнгөн шагнал хүртлээ. Номинацид нэр дэвшсэн бүх алдартнуудад баяр хүргэж шагнаж урамшуулсан билээ.

Цаа буга хөлгөлсөн өвлийн өвгөнтэй  “Хөх сувд-2024”

Хаа ч байхгүй Хөвсгөлийн хөх Тайгийн бахархал болсон цаа бугаар хөлгөлсөн өвлийн өвгөн цасан охидоо дагуулсаар цан хүүрэг татуулан  “Хөх сувд-2024” шинэ жилийн сүлд модны наадамд  хүрэлцэн ирсэн нь цэнгүүний хамгийн гайхамшигтай  хэсэг байлаа. 2024 оныг хаа тэртээ цас мөсний орноос их хотод ийнхүү авчирсан нь онцлог байв. Амжилт бүтээлээрээ оргилсон олон хүүхдүүд өвлийн өвгөн аваасаа бэлгээ гардан авсан бол цасан охидын бүжиглэх  дуу хуурын аялгуу,  инээд хөөр, Хөвсгөлчүүдийг огшоосон юм. Баяр дээр баяр нэмж Монгол Улсын гавъяат жүжигчин дуучин А. Уянга, С.Наран Никитон хамтлагын дуучин МУГЖ Б.Батчулуун/ Баачка/, МУСТА дуучин Б.Баярцэцэг,  дуучин МУСТА Гэрэлчулуун, дуучин С.Гантогоо, “Увертюра” хамтлаг ирж ая дуугаа  өргөсөн юм. Энэ үеэр нэг сая төгрөгийн 10 азтан тодорч ирэх оныхоо ёндоо юугаа сонжсон билээ.  

Эх сурвалж: www.zms.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.