2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
60 тэрбумын асуудлаас болж, МАН-ын нэр хүнд “шороотой” хутгалдлаа

Монгол Улс Төрийн тэргүүнээ сонгоход аравхан хоногийн хугацаа үлдээд байна. Бид сонголтоо мэргэн хийвээс, улс орны эдийн засаг, ард иргэдийн амар амгалан байдалд дөрвөн жилдээ санаа зоволтгүй болно. Сонголт мэргэн байваас хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан, нэг намын харьяа, халаасанд орохгүй Ерөнхийлөгчтэй болох боломжтой юм.

Тодруулбал, албан тушаал наймаалцаж, намынхаа санхүүжилтыг босгодог намын нөлөөллөөс ангижрах боломжтой. Тиймдээ ч ард иргэдийг сонголтоо зөв хий гэсэн шиг МАН-ын “но”-той, ноцтой булхай ил цагаан болж эхэллээ. Ерөнхийдөө МАН яаж ч мэлзэж бултаад 60 тэрбумын бичлэгийг худлаа гэж хэлэхийн аргагүй баримт нотолгоонуудыг Г.Доржзодов гэгч олон нийтэд ил болгож орхисон юм.

Бичлэгт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нартай албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцаж, намын санхүүжилтээ босгох гэж байгаа талаар ярьсан байдаг. Анх энэхүү бичлэгийг 2016 оны УИХ-ын сонгуулиар олон нийтэд дэлгэсэн ч МАН-ынхан хууль хүчний байгууллагыг хүчлэн байж, “эвлүүлэг” хэмээн олон нийтэд итгүүлж чадсан. Ард түмэн ч тэдний хууль бус үйлдэлд итгэн, МАН үнэмлэхүй ялалт байгуулж чадсан байдаг.

Харин энэ удаад тэд яаж ч мэлзээд бултах боломжгүй хангалттай баримтыг иргэн Г.Доржзодов нь олон нийтэд мэдээлсээр байна. Гэтэл түүний үйлдэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 8, 9 гишүүн шуурхай хэвлэлийн хурал хийж, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хүртэл хаа байсан Архангай аймгаас яаран сандран мэдэгдэл хүртэл гаргав. Ерөнхийдөө МАН-ынхан массаараа онигоонд орлоо гэхэд болно. Ц.Сандуй тэргүүтэй нөхдүүдийн өдүүлсэн хэрэг өнөөдөр намын даргаа сонгуульд ялагдуулахад тун ойрхон болоод ирэв.

Өөрөөр хэлбэл, МАН өөрөө өөрийгөө булшилж орхилоо. Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн бүхий л тактик нь үнэгүйдэж, нурсан гэхэд болно. Сошиал ертөнцийн хамгийн их хандалттай фэйжүүд болон иргэд дээрх үйл явдлыг цаг тухайд нь мэдэж, ойлголт авч байна. Одоо хууртагдая гээд ч хууртагдахааргүй баримтууд байна.

Тэгэхээр өөрсдийгөө булшилж орхисон МАН-ынхан тоглоомноос нэгэнт хасагдаж байна. Ингэснээр иргэдийн дунд эргэлт үүсч гол өрсөлдөөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд өрнөх шинжтэй болж байна.

Гэхдээ энэ үйл явдлын дараа АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэр хүнд өссөн үү гэвэл үгүй юм. Учир нь 60 тэрбумын бичлэгийн үнэн мөн тодорсоноор Х.Баттулгын сайн сайхан зүйл ил болж байгаа хэрэг огт биш юм. Харин ч хэн нэгнийг сонгуулийн хар PR-даа ашиглаж байна гэж буруутгах хүн олон байна.

Түүний PR-г хийж буй сэтгүүлч Л.Мөнхбаясгалан иргэдийг буруу зүйлд өдөөн турхиж, гадаад нөхөртэй УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Г.Доржзодовыг гэртээ орогнуулж байгаа нь бүгд Х.Баттулгын заавраар хийгдэж буй ажил.

Ерөнхийдөө МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 60 тэрбумын асуудалд холбогдож, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 60 тэрбумын асуудлаар шоудаж эхэллээ. Яг л хэрээ хэрээнийхээ харыг гайхах гэгчийн үлгэр шиг. 

Намынхаа өнгөтэй өөдтэй гэсэн лидерүүдээ ээлж дараалан “намнаж”, хэвлэлээр элдвийн нэр хоч зүүлгэн цоллуулж ирсэн хагалан бутаргагч эрхэм улс орны эв нэгдлийг тууштай хамгаалж чадах уу. Эсвэл газрын наймаанаас албан тушаалын наймаанд амжилттай шилжин ажиллаж байгаа хүнийг төрийн тэргүүнээрээ сонгох уу гэдэг бас л сонин.

Ард түмэнд аравхан хоногийн хугацаанд үлдлээ. Энэ л цаг үед хэн нь хэн бэ гэдгийг таних учиртай. Нэр дэвшигчид ч өөрсдийгөө таниулж байх шиг байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.