2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
MICE-ийн сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна

Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд авах зарим арга хэмжээний тухай“ 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах зорилтын “Албан, бизнес аялал жуулчлалыг (MICE)“-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Соёл Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд “MICE” сэдэвт 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

MICE нь аялал жуулчлалын салбарын шинэ тутам үүсч хөгжиж буй чиг хандлага бөгөөд Хурал цуглаан (Meeting), Урамшуулалт (Incentive), Чуулга уулзалт (Convention), Үзэсгэлэн яармаг (Exhibition) зэрэг Англи үгнүүдийн эхний үсгүүдээр үүсгэсэн нэр томьёо юм. Энэ нь ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг эрс нэмэгдүүлдэг бөгөөд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх аялал жуулчлал, бизнесийн шинэ төрөл юм.

Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү үнэ төлбөргүй сургалтад аялал жуулчлалын салбарын 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна. Тэд олон улсын төдийгүй тодорхой хүрээллийн хүмүүсийн хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармаг, байгууллагын урамшуулалт хөтөлбөр зэрэгтэй уялдуулан аялал жуулчлалыг салбарыг хэрхэн хөгжүүлж болох талаар яригддаг ихээхэн ирээдүйтэй бизнесийн энэхүү шинэ салбарын талаар оновчтой, цогц мэдлэгийг олж авах юм.

Сургалтыг нээж Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлсэн үгэндээ “Монгол улсын аялал жуулчлалын салбарт MICE-ийн зах зээл зайлшгүй хэрэгцээтэй.  MICE-ийг бид цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт болон ажлын байрыг олноор нь бэлтгэх, аялал жуулчлалын салбар хөгжих бодлогыг нэмэгдүүлэх тал дээр маш том боломж гэж  харж байгаа учир  энэ чиглэл рүү БОАЖЯ-тай хамтран судалгаа хийн хөтөлбөрөө гарган явж байна. энэ сургалтанд ирсэн хүмүүс цаашид энэ зах зээл дээр ажиллах, MICE-ийн зах зээлд хамтран ажиллахаар сонирхож байгаа хүмүүс ирсэн байх гэж бодож байна” гэв.

MICE-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад БНСУ-ын Дунсо Их Сургуулийн профессор багш Сон Ин Хэ, болон КТО Улаанбаатар  хот дахь суурин төлөөлөгч Пак Жон Үн нар лекц уншсан юм.

Энэ үеэр  БНСУ-ын Дунсо Их Сургуулийн профессор багш Сон Ин Хэ-гээс зарим зүйлийг тодрууллаа.

-MICE-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын ач холбогдол юу вэ?

Монголд анх удаагаа MICE-ийн сургалт болж байна. Энэ салбарын ач холбогдол болон энэ салбар нь аялал жуулчлалын салбартай хэрхэн холбогддог талаарх мэдээллийг сургалтаар өгнө. Олон улсын хурал цуглааныг хэрхэн эх орондоо зохион байгуулах талаарх сургалт орно. MICE-ийн мэргэжилтэн бол хөрвөх чадвартай маш олон хүмүүсийн хамруулж хэлдэг. Төлөвлөх шатны мэргэжилтэн, MICE-ийг татааж авдачирдаг мэргэжилтэн, маркетингийн мэргэжилтэн байдаг.

Энэ сургалтан сууснаар MICE, аялал жуулчлалын хоёр салбар ямар салшгүй холбоотойг мэднэ. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсад танигдахад түлхэц болохуйц мэдлэгтэй болно. Цаашид монголын MICE-ийн салбарт ямар бодлого төлөвлөлт хэрэгтэй байна. Ямар зарчмаар хэрхэн ажиллахаа мэдэж авах юм.

Мөн энэ салбарыг хөгжүүлэхийн тулд засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага хэрхэн яаж оролцох тухай хэрхэн ойлголтыг олж авах юм.

-MICE-ийн салбар Солонгос улсад хэрхэн хөгжсөн байдаг вэ? Манай улс хэдий хэрийн хугацааг зарцуулж одоогийн хөгжилд ойртож очих вэ?

Миний харж байгаагаар яг л эхэлж байгаа. Анхан шат нь тавигдаж байна. 30-40 жилийн өмнө Солонгост энэ салбар эхэлж байхад ийм байсан. Энэ салбарын хөгжлийн 4 үе шатанд ангилж үзвэл Солонгос 4 дэх шатандаа орсон байгаа. Харин Монгол улс эхний шатандаа явж байна.

-Тэгэхээр бид энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

Эхний шатандаа явж байгаа учир хамгийн эхлээд дагалдах салбарууд буюу нисэх буудал, зочид буудал, үзэсгэлэнгийн танхим зэрэг байгууламжуудаа сайтар бэлтгэх хэрэгтэй. Одоо эдгээрийг бэлтгэх үе дээрээ явж байгаа. Мөн дагалдах салбарыг хөгжүүлэхээс гадна улсаас ямар бодлого барих, хуульд хэрхэн тусгах, бүтэц, зохион байгуулалтыг сайн төлөвлөж хийх хэрэгтэй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.