2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Япон Оманы булан руу цэргийн хөлөг онгоцоо илгээнэ

Японы Засгийн газар тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний эскадрын мина зөөгч хөлөг онгоцыг Оманы булан руу илгээхээр болсон байна. Японы олон нийтийн телевизээр мэдээлснээр, холбогдох шийдвэрийг баасан гарагт болсон сайд нарын танхимын хуралдааны үеэр гаргажээ.

Бүс нутаг дах хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Японы эрх баригчид эскадрын мина тээвэрлэгчээс гадна эргүүлийн нисэх онгоцоо илгээхээр болсон байна. Эргүүл хийх бүс нь Арабын тэнгисийн хойд хэсэг, Адены булангаар хязгаарлагдах бөгөөд хөлөг онгоц болон нисэх онгоц Ормузын хоолой эсвэл Персийн булан руу орохгүй ажээ.

Персийн буланд гадаадын цэргүүдийг байрлуулах нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахгүй гэдгийг Техран Японы эрх баригчдад хэдийнэ мэдэгджээ. Харин Японы эрх баригчид хариу мэдэгдэхдээ, хөлөг онгоц болон нисэх онгоц нь АНУ-ын байгуулж буй олон улсын эвсэлд орохгүй гэсэн байна.

Долдугаар сарын 19-нд Их Британийн далбаан дор явж байсан нефть тээвэрлэгч “Stena Impero” хөлөг онгоцыг Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын /ЛХХК/ цэргүүд саатуулсны дараа Персийн булангийн бүс дэх байдал хурцадсан юм. ЛХХК-ын мэдэгдэлд дурдсанаар, уг хөлөг онгоцыг “олон улсын дүрэм журам зөрчсөнтэй холбогдуулан" саатуулж, шалгалт хийхээр боомт руу хүргэжээ. Персийн булангийн бүсэд хөлөг онгоцууд чөлөөтэй явах эрх чөлөөг хангах зорилгоор АНУ эвсэл байгуулна гэж тус улсын Төрийн департамент энэ явдлын дараа мэдэгдсэн байна. АНУ-ын байгуулах эвсэлд орохоор төлөвлөж буйгаа Австрали, Бахрейн, Их Британи, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын эрх баригчид мэдэгджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.