2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Ш.Чимэгээ: Х.Баттулга ямар ч хүн байсан хамаагүй, таг харанхуйгаар дэмжих ёстой юу

АН-ын даргын сунгаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид болон тэдний баг Баянхонгор аймагт ажиллаж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийх үеэр нэр дэвшигчид тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн саналыг сонсож, асуултанд хариуллаа. Баянхонгорын ардчилагчид нэр дэвшигчдэд хандан эвийг эрхэмлэж, ялалт байгуулсан цагтаа намынхаа ялалтыг баталгаажуулах тал дээрээ анхаарахыг захиж байв.
Үг хэлсэн хүмүүсийн нэг хэсэг нь нутгийн хүү, Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжихээ илэрхийлж байсан бол нөгөө хэсэг нь анхан, дунд шатны намыг удирдаж, багаараа олон удаагийн ялалт байгуулж байсан туршлагатай, ах нарын халаасанд ороогүй, дохио зангаагаар нь ажилладаггүй, залуу үеийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.
Түүнчлэн нутгийн хүүдээ сургаал үг, зэмлэл, зөвлөмж дайхаа ч мартсангүй. Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш Ш.Чимэгээ “Бид өнөөдөр нэгнээ хоосон магтаж, уриа лоозун хэлэхээс илүүтэй жаргал, зовлонгоо ярьмаар байна. Нэр дэвшигч Х.Баттулга бол бидний дотны анд нөхөр. Гэхдээ бид Х.Баттулга ямар ч хүн байсан хамаагүй, таг харанхуйгаар дэмжих ёстой юм уу, Баянхонгорчууд аа? Сүүлийн хоёр жил Х.Баттулга маань маш их дайралтад өртсөн ч сонсох чадвар гэж ямар байдгийг үзүүлсээр, ямар ч хариулт өгсөнгүй ирлээ. Бид сошиолоор нэг л талын мэдээлэл авч байгаа. Өглөө боссон чиг л, шөнө орондоо орсон чиг л Эрдэнийн талаас мэдээлэл авч байна. Х.Баттулга хоёр жил хариулт өгөлгүй, таг чиг байсан. С.Эрдэнэ гэдэг хүн үнэн яриад байдаг юм уу, худлаа яриад байдаг юм уу? Энэ хүний яриад байгаа зүйл дээр та ямар байр суурьтай байгаа юм бэ? Та Баянхонгор нутгийнхандаа, халуун ам бүл дотроо үнэнээ яриач. Бид өмөөрөхөөр бол өмөөрье. Үгүй бол зөвлөе. С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүний тэмцлээс болоод монголын Ардчилал яагаад ийм ороо бусгаа болчихов оо. Тэр хүний дайрч байгаа зүйл нь та байна, таныг дэмжиж байгаа бид байна. Х.Баттулгыг дагасан хүн сүрэг бий боллоо гээд хашгираад байна. Бид Ардчилагчид биш, Баттулгыг дагасан хүн сүрэг болоод байна. Дээр тэнгэр бүрхэг байна. Гэхдээ хөрсөн дээрээ Ардчилал эрүүл байгаа шүү” хэмээн сэтгэлийн үгээ уудаллаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Нэр дэвшигч Ж.Батсуурийн уулзалтад хэлж байгаа үгийг би маш анхааралтай сонсож байгаа. Ардчиллын анхдагчдын араас ийм сайхан чадвартай, боловсролтой залуу үе гарч ирж байгаад би бахархаж байна. Ардчилагчдынхаа жаргал, зовлон дундуур туулсаар өнөөдрийн өндөрлөгт хүрээд буй Ж.Батсуурь гишүүнийг дэмждэг” гэлээ.
Төгсгөлд нь “Ардчиллын хөрс үржил шимтэй байгаа шүү. Харин тэнгэр бүрхэг байгаа шүү. Ардчиллын 32 жил бидэнд Ардчиллын боловсролыг өгсөн. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдгийг шүүн тунгаах чадвар бидэнд бий шүү” гэдгийг анхааруулаад, “Та хоёр маань энэ цгагт хоорондоо өрсөлдөж байгаа ч гэсэн ирээдүй цагт нэг баг болж, нэг цул болж, сөрөг хүчинтэй атгасан гар шиг тэмцэж яваарай” хэмээн захилаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.