2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийг “Түгжилджээ”

Сүүлийн хэд хоногт Шадар сайдыг тойрсон асуудал ар араасаа хөвөрч байгаа. Үнэн худал нь тодорхойгүй ийм эргэлзээг тайлсан бас нэг бичлэг нийтэд ил болж өчигдөр цахимаар түгэж эхэллээ. Чихэндээ итгэхгүй гээд ч яах билээ. Хэний ч санаж сэжиглээгүй явсан “эх оронч” дүртэй улстөрч маань ийм хоёр нүүр гаргаж байсан гээд бодохоор өөртөө ч итгэхэд бэрх цаг ирсэн гэдэг нь үнэн ч юм шиг байна.

МАН-ын туг барьдаг улстөрчдийн нэг нь яах аргагүй У.Хүрэлсүх. Ямар сайндаа л түүнийг МАН-ын “Улаан хамгаалагч “ хэмээн нэрлэж байв гэж. Тэр шударга дүр эсгэж, улстөрийн карьер нь дуусч буй намынхаа том даргын өөдөөс том дуугарч эр зоригоо харуулж, ээ дээ мөн ч их “жүжиглэж” явж дээ. У.Хүрэлсүхийг шударга эх оронч хэмээн итгэж явсан намынхаа мянга мянган гишүүд, дэмжигчдиддээ хэн болхоо энэ дуу бичлэгээрээ харуулж байна.

Наанаа нэгийг ярьж цаанаа нөгөөг хийж явсан жинхэнэ дүр нь ийнхүү тодров бололтой. Энэ бичлэгээс анзаарахад тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг бүр журмын нөхрийнхээ эсрэг ажилласан нь тодорхой болж байна. Жинхэнэ утгаараа “Түгжилдэнэ” гэдэг энэ байх.

Энэ бол түүний “Херо” Баатартай утсаар ярьсан бичлэг нь. Мэдээж, Баатар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэдгээрээ олонд танигдсан нэгэн. М.Энхболдын ялагдлын нэг шалтгаан У.Хүрэлсүх байсан нь энэ ярилцлагаас тодорхой болж байна. Баатар “Би тэгээд хэлсэн байхгүй юу. Таны ялалтын чинь 40-50 хувь нь юу л бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ” гэдгийг Ерөнхийлөгчид хэлсэн болж таарч байна. Энэ үгнээс Х.Баттулгын ялалтын 40-50 хувь нь У.Хүрэлсүхийн гавьяа зүтгэл бололтой юм.

“Топор” гэдэг нууц нэртэй болтлоо зохион байгуулалтад орсон гээд бодохоор тэдний хамтын ажиллагаа бүр эрт эхэлсэн нь мэдэгдэж байна. Тэдний ярианд Оука гэсэн нэр хэдэнтээ дуулдаж байна. Тэр бол Баатарын дүү, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болж таарах байх. Хүний, өөрийн талын ах дүү хоёр “Топор” болон “Тулга” ах нараа холбож өнөө маргаашгүй уулзахаар тохирч байгаа нь бичлэгт үлджээ.

Шадар сайдын нэг үг илүүтэй анхаарал татах аж. Тэр яриаг сийрүүлбэл:

 
"Херо" Баатар: Сайн байна уу та.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз /инээв/
 
"Херо" Баатар: За яршиг бичлэгээ унтраачихъя. Рекорд пауз авчихъяа.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү
 
"Херо" Баатар: Ямар аймар юм бэ. Ийм муухай нэр хүндтэй ч болчих гэж нээрээ.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байнашдээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүйшдээ.
 
"Херо" Баатар: За. Ярих ч үгүй. Шадар сайд хаагуур байна.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байнашдээ. Надад бас үндсэн ажил байнашдээ. 
 
"Херо" Баатар: Байна л даа одоо харин тийн. Хөөш та өнөөдөр орой яахын гурав бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: За хэн.
 
"Херо" Баатар: Оюука над руу хэлээд би юу яасаншдээ. "Тулга" ахад юм хэлсэншдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн за яг шүү гэсэншдээ уг нь.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Өнөөдөртөө амжихгүй. Маргааш л болъё. Чи хаагуур байгаан.
 
"Херо" Баатар: За за. Би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя. Өөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ хэд хоног өвчтэй юм шиг.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж түрүүлсэн бөх уяач их сайхан болж байнашдээ. Ойлгомжтой.
 
"Херо" Баатар: Харин тийн уяа ч сайхан байна өө.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Хөгийн хөгийн юм ч их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг ч юм одоо.
 
"Херо" Баатар: Үлгэр домог шиг юм ч болсоон болсон. Харин тиймээ /инээв/ Та юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл "Топор"- той уулзчихья л даа тэгүүл. Таныг чинь "Топор" гэдэгшдээ. Таны нууц нэр "Топор" шдээ. "Топор"-той уулзчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тиймээ. Тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд учир нь тэр байна гээд татаж унаад байна лээ.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Өөр юу байна.
 
"Херо" Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ. /инээв/
 
"Херо" Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь хүн болгон л тэгсэн байна лээ.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсоншдээ.
 
"Херо" Баатар: Тэгсэн
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Та нар ч алдаг хүмүүс шүү. За яахав уулзаж байгаад яринаа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
 
"Херо" Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байна. За тэгий за баярлалаа ах.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: ок
 
"Херо" Баатар: Одоо таны юм руу оръё. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулъяаа гэж ярьсан. За яахав нэгэн ч уралдаад түрүүлчих шиг боллоо. /инээв/
 
"Херо" Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнээ.
 
Шадар сайд У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье тэгээд уулзаж байгаад ярья.
 
"Херо" Баатар: За

Энэ ярианаас түүний юунд түрүүлэх гээд байгаа нь тодорхой, тэр цаг хугацаа нь их ойрхон болчихсон гэж итгэж байгаа нь илэрхий.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй шадарлаж, ингэж л албан тушаалын төлөө намынхаа эсрэг нулимж явсан нь эндээс тодорхой болж байна. Тэр намынхаа даргыг муухай харагдуулах зорилгоор эрлийз морьдыг уралдаанаас олноор хасч дэмжсэнээ энд сайрхан ярьж, үүнийхээ төлөө байдалд орсноо ч нуусангүй.

Одоо тэр харин энэ бичлэгтээ ямар тайлбар хийх бол. МАН-ын гал тогоон дотор тэр өсч өндийсөн. Цэргийн бага тушаалын офицероос төрийн сайд болтлоо томорсон замнал нь энэ нам, гишүүд дэмжигчдийнх дунд бий. Харин тэр эргээд нам руугаа ил далд нулимж явсан нь тодорхой боллоо. Хамгийн аймшигтай нь тэр хоёр нүүр гаргаж явжээ. Товчхондоо бол урвалт гэсэн үг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.