2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Алжирын ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулжээ

Алжирт ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хоёр хүний эрхийг түдгэлзүүлсний улмаас уг сонгуулийг хойшлуулахад хүрчээ.

Өдгөө 82 настай Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика өнгөрсөн дөрөвдүгээр сард огцорч, 77 настай Абделькадер Бенсалаг Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчээр томилсон юм. Алжирын ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх долдугаар сарын 4-нд зохион байгуулах шийдвэрийг А.Бенсала гаргасан билээ.

Харин Алжирын Үндсэн хуулийн зөвлөлөөс өнгөрсөн ням гарагт мэдэгдсэнээр, шаардлага хангасан нэр дэвшигчдийн тоо хангалтгүй байгаатай холбоотойгоор ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх сард зохион байгуулах боломжгүй болсон ажээ.

Засгийн газрыг эсэргүүцэгчид А.Бутекликаг огцорсны дараа ч жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байсан бөгөөд сонгуулийг цэргийн дэглэм дор зохион байгуулах нь шударга өрсөлдөөнийг бий болгохгүй хэмээн мэдэгдэж байжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг шинээр товлохыг Үндсэн хуулийн зөвлөл А.Бенсалагаас хүссэн бөгөөд Хойд Африкийн Алжир улсад нөхцөл байдал хэзээ тогтворжих нь тодорхойгүй хэвээр байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.