2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Халдварыг зогсооход хамгийн хэцүү байх орнуудыг нэрлэжээ

Хятадын тархвар судлаачид дэлхийн 60 оронд коронавирусний цар тахал хэрхэн дэгдэж байгааг судалж, халдварыг зогсооход тун хүндрэлтэй байж болзошгүй 12 улсыг нэрлэжээ. Судалгааныхаа ажлыг эрдэмтэд “medRxiv” цахим хуудаст нийтэлсэн байна. 

 

“COVID-19”-д хамгийн ихээр өртсөн 60 улсыг эрдэмтэд 4 төрөлд хуваажээ. Тодруулбал, 22 улсад цар тахал буурч байгаа бол 20 улсад тархалт улам нэмэгдсээр байна гэж үзжээ. Мөн 12 улсад нөхцөл байдал тогтворжиж байгаа 7 улсад хараахан тодорхойгүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

 

“Ялангуяа Их Британи, АНУ-ын нөхцөл байдал сэтгэл түгшээж байна. Халдварын тохиолдлын тоо эдгээр хоёр улсад хоёр долоо хоног гаруйн хугацаанд тогтвортой өсөлттэй хэвээр байна” гэж эрдэмтэд тэмдэглэжээ.

 

Хятадын Фужянь мужийн их сургуулийн профессор Синьямо Фу тэргүүтэй тархвар судлаачид, эмч нар коронавирусний халдварт хамгийн их өртсөн 61 улсад халдвартай холбоотой нөхцөл байдал цаашид хэрхэхийг таамаглажээ.

 

Эдгээр улс оронд цар тахал Хубэй мужид “COVID-19”-н халдвар тархаж байсан шиг дэгдэж байна уу, өөрөөр тархаж байна уу гэдгийг Фу болон түүний хамтрагчид судалжээ. Ингэхийн тулд эрдэмтэд сүүлийн хэдэн долоо хоногийн туршид “SARS-CoV-2”-н өдөр бүр шинээр илрэх тохиолдлын тоо хэрхэн өөрчлөгдөж байгаа дээр дүн шинжилгээ хийсэн байна. 

Тийнхүү эрдэмтэд халдварлагсдын тоо нь урт хугацаанд тогтвортой өндөр байгаа улс орнуудыг нэг бүлэгт багтаажээ. Энэ бүлэгт АНУ, Их Британи, Швед, Канад, Бельги, Нидерланд, Польш, Румын болон өөр хэд хэдэн улс багтжээ. 

Турк, Финланд, ӨАБНУ, Аргентин, Унгар, Панам, Колумб зэрэг улсад нөхцөл байдал мөн тогтвортой байж болзошгүй гэж үзсэн байна. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар, халдварын тохиолдлын тоо тогтворжих нь эпидемиологийн үүднээс маш онцгой үзэгдэл аж. Тухайлбал, АНУ болон Их Британид сар орчмын хугацаанд ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаа нь өвчний далд үеийн хугацаа 5-8 хоног үргэлжилдэгтэй таарахгүй байгаа аж. 

Үүний учир шалтгааныг Фу болон судалгааны багийнхан одоогоор тодруулаагүй байна. Эдгээр улс оронд халдварын бүх тохиолдлыг тодорхойлох оношлуур хүрэлцэхгүй байгаагаас гадна цар тахалтай хангалттай сайн тэмцэж чадахгүй байгаатай холбоотой байж магадгүй юм гэж эрдэмтэд үзжээ.

Итали улсад коронавирусний халдвар оргил үедээ хүрсэн үеийн түвшинтэй харьцуулахад АНУ, Их Британид халдварын тохиолдлын тоо хамаагүй их байгааг эрдэмтэд цохон тэмдэглэж, эхний хувилбарыг илүү магадлал өндөртэй гэж харж байна. Нөгөө талаас эрх баригчид нь нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол эдгээр 12 улсад цар тахал зогсолтгүй дэгдэж болзошгүйг тархвар судлаачид онцолжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.