2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Huawei”-н ажилтнууд цэргийнхэнтэй нягт хамтран ажиллаж байжээ

 Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн зарим ажилтан цэргийнхэнтэй судалгаа шинжилгээний төсөл дээр урт хугацаанд хамтран ажиллаж байсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

“Huawei” компанийн ажилтнууд сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын Ардын чөлөөлөх армийн янз бүрийн байгууллагуудтай хиймэл оюун ухаан, радио холбоо зэргийг хамарсан хамгийн багадаа 10 орчим судалгааны төсөл дээр хүчин чармайлтаа нэгтгэн хамтран ажиллажээ” хэмээн  “Bloomberg” агентлаг цохон тэмдэглэжээ.

Энэхүү төслүүд нь дүрс бичлэгээр хүний сэтгэл хөдлөлийг тодорхойлох, таних технологиудыг хөгжүүлэх асуудлыг хамарчээ. Түүнээс гадна “Huawei” компанийн мэргэжилтнүүд Батлан хамгаалахын шинжлэх ухаан, техникийн их сургуулийн ажилтнуудтай хамтран дэлхийн гадаргуу, газар зүйн байршлын зургуудыг цуглуулах хиймэл дагуулын системүүдийг хөгжүүлж байжээ. “Bloomberg” агентлаг энэ талаарх мэдээллийг тус салбарт ажилладаг Хятадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн ашигладаг нээлттэй сэтгүүл, интернет дэх мэдээллийн сангаас авсан байна.

Харин “Huawei” компанийн төлөөлөгч Гленн Шлосс мэдэгдэхдээ "Манай компани Батлан хамгаалахын шинжлэх ухаан, техникийн их сургуультай холбоотой байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээний ажил хийдэггүй” гэжээ.

АНУ-ын мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцүүдийг гадны аюулаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоосон зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Тарамп өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Үүний дүнд АНУ-ын Худалдааны яам үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаатай холбогдуулан Хятадын “Huawei” компанийг 5 дугаар сарын 17-нд хар жагсаалтад оруулсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.