2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Мүн Жэ Ин цэрэггүй бүсийг олон улсын бүс болгох санал тавьжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын энх тайвны бүс болгох санал тавьжээ.

Мүн Жэ Ин Нью-Йорк хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр үг хэлэх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зургадугаар сард цэрэггүй бүс дэх Панмүнжом тосгонд уулзсан нь энх тайвны шинэ үеийн эхлэл болсон" гэж БНСУ-ын төрийн тэргүүн хэлжээ. Мөн тэрбээр АНУ, БНАСАУ-ын удирдагчид цаашид өөр “томоохон алхам”-ыг хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Үүнээс гадна Мүн Жэ Ин БНАСАУ-тай хамтран цэрэггүй бүсийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх чиглэлд ажиллана гэж мэдэгджээ. Мөн тэрбээр БНСУ, Японы худалдааны маргааны талаар цухас дурдаад, цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн хэлсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.