2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Гай нь олширч, гавьяа нь цөөдсөн хаврын чуулган

М.Энхболдын тэргүүлсэн парламентын анхны хаврын чуулган энэ оны дөрөвдүгээр сарын 5 буюу билгийн тооллын хаврын дунд харагчин туулай сарын шинийн 9-ний найралт одтой өдөр нээлтээ хийснээс хойш хэдийнэ хоёр сарын гаруйн хугацаа өнгөрчээ. Билэгт сайн өдөр нээлтээ хийсэн хаврын чуулганы завсарлах хугацаа хараахан болоогүй ч, орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, улс төрийн намууд нэр дэвшигчээ сойгоод завгүй байгаа учраас өнгөрөгч лхагва гарагт буюу зургадугаар сарын 14-нд УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамжид М.Энхболд дарга гарын үсэг зурав.

Чуулган энэ сарын 28-нд буюу Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч сонгогдсоны дараа эргэн хуралдаж, Төрийн тэргүүний тангараг өргөх ёслолыг зохион байгуулах учиртай. Мөн хэлэлцэж амжилгүй үлдсэн бусад хуулийн төслүүдээ хэлэлцэж, улмаар Улсын баяр наадмын өмнөхөн нэгдсэн байдлаар завсарлах билээ. Гэвч улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, сонгуулийн дараах нөхцөл байдал зэргээс харахад наадмын өмнөх чуулган хэзээ ч үр дүнтэй байдаггүй. Ялагдсан нь ялагдлаа хүлээн зөвшөөрөх, ялсан нэгнийг баталгаажуулах асуудал удаан хугацаанд маргаан дагуулдаг учраас наадмын өмнөх долоо хоногийн чуулган ёс төдий хуралдсан нэр зүүгээд л өнгөрдөг жамтай.

Харин наадмын маргаашнаас улстөрчид тойргийнхоо аймаг сумын ой, даншиг наадмууд хэсч, айраг цагаа эргүүлж оддог учраас энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудал үндсэндээ өнгөрсөн лхагва гарагаар дуусгавар боллоо гэж хэлж болно. Тиймдээ ч хаврын чуулганы үр дүн юу байсан, хэлэлцэх асуудлаа бүрэн дуусгасан эсэх, анхаарал татсан сэдэв юу байсныг өнөөдрийн нийтлэлээр онцлоё.

ВАЛЮТЫН САНД “БАРЬЦААЛАГДАЖ”, ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР САНААРХАВ

Өнгөрөгч хаврын чуулганы үндсэн хоёр гол сэдэв Үндсэн хууль өөрчлөх болон Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал. Тодруулбал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцад хамрагдахын тулд 2017 оны Төсвийн тодотголд өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганы эхэнд хэлэлцүүллээ.

УИХ-ын даргын хэлсэнчлэн, төсвөө хяналттай, хэмнэлттэй болгох үүднээс иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах, долоон төрлийн татвар нэмэх, тэтгэврийн нас нэмэх, иргэдийн гол унаа болсон приус машины татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 хувь болгох, бусад машиныг хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаарч татвар ногдуулах зэрэг дандаа мөнгө босгох, ард түмний халаасыг тэмтрэх шийдвэрийг УИХ-д Сангийн сайд Б.Чойжилсүрэн оруулж ирсэн юм. Энэ асуудлаар УИХ удтал маргалдсан. Хүний өөрийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, ядарсан иргэдээ татвараар дарамталж буй нь зөв шийдвэр биш хэмээн маргаан мэтгэлцээн өрнөлөө. Гэвч МАН-ынхан “улс орны амьдрал хэцүүдлээ.

Үүнээс өөр гарц байхгүй. Валютын сангийн хүсэл энэ байсан” хэмээсээр татвар нэмсэн тодотголыг батлуулж, улмаар тавдугаар сарын 25-нд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон билээ. Ингэснээр Монгол Улс Валютын сангаас гадна Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрдэв. Хаврын чуулганы хоёрдугаар анхаарал татах сэдэв нь Үндсэн хуулийн өөрчлөлт байв. Нэг нам дангаар ноёлсон энэ парламент анхнаасаа л бүх асуудлыг хүч түрэн шийдэж эхэлсэн. Тэр зангаа ч хаврын чуулганы үед харуулав.

Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар ажлын хэсэг гаргаж, иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан. Үндэсний статистикийн байгууллагын санамсаргүй аргаар түүвэрлэсэн иргэд Үндсэн хуулийн өөрчлөх эсэх асуудлаар санал өгч, эдгээрээс 700 гаруйг нь Төрийн ордонд хэлэлцүүлэгт урьсан билээ. Тэдэн дунд бичиг үсэггүй хүн ч байв. Энэ хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-д хүргүүлж, Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулах санаархал ч УИХ-ын хаврын чуулганы үеэр яригдав.

Хэтэрхий цаг нь тулчихсан, ямар ч тооцоогүй, 1500-хан хүний саналд үндэслэн “эцэг” хуулиараа оролдох нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь гэдгийг эрх баригчид ухаарч, энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үргэлжлүүлэхээр шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, ард түмний дунд бүтэн сарын хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж асуудлыг хэлэлцэхээр болов.

ЭРГЭЖ ХУРГАСАН ШИЙДВЭР, САЙТАР СУДЛААГҮЙ ХУУЛИУД

Өнөө жилийн хаврын чуулганаар баталсан дийлэнх хууль хамгийн их хэл ам дагуулж байсан гэхэд хэтийдэхгүй. Парламентын олонхи гишүүд нь “бор халзан хонинууд”-аас бүрдсэн учраас арга ч үгүй. Тэд дөнгөж эхний жилээ УИХ-д сууж байгаа атлаа олон том хуулийн автор болж, энэ нь эргээд МАН-ыг муухай харагдуулж байсан гэхэд болно. Өнөөгийн парламентад 65 суудал авсан атлаа МАН-ын тун цөөхөн гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Тэр тусмаа залуу гишүүдээрээ хаврын турш “туг тахив”.

Хууль шүүхийн байгууллагын асуудал болгоныг Х.Нямбаатар өргөн барьж, төсөв, мөнгөний асуудлаар Т.Аюурсайхан, Б.Чойжилсүрэн хоёр л дуугарах жишээтэй. Ардчилсан парламент бүрдсэн 20 гаруй жилийн түүхэнд баталсан хууль болгон нь асуудал дагуулж, маргаан үүсгэж, эс бөгөөс баталсан даруйдаа өөрчилдөг, хэлэлцүүлгийн шатанд унадаг “чадваргүй” парламент тун ховорхон байсан.

Тэгвэл энэ удаагийн парламент олон шинэ түүхийг бичлээ. Гэхдээ дандаа муугаар. Хамгийн сонгодог жишээ нь 2017 оны төсвийн тодотгол хийх үед болсон процесс. Тодруулбал, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах асуудлаар УИХ-ын 29 дүгээр тогтоол гэгчийг батлах үед 11 дүгээр заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниуд олсон ашгаа дотоодын банкаар дамжуулах тухай заалтыг тусгаж өгсөн юм.

Эдийн засгийн асар том боломж, Төвбанкны валютын сангийн нөөцийг нэмэгдүүлэх чухал заалтыг ОУВС эсэргүүцэж, санхүүжилт олгохоос татгалзсан. Энэ нь Оюутолгойн хүсэлт гэдэг нь хэнд ч илхэн байсан. Гэтэл Сангийн сайд яаран сандран өөрөө энэ заалтад завсар хийн УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Тавдугаар сарын 04-ны өдрийн чуулганаар 29 дүгээр тогтоолыг өөрчлөх 30 дугаар тогтоол гэгчийг УИХ шөнөөр хэлэлцэж баталж байлаа.

Ингэснээр дотоодын банк санхүүгийн байгууллагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудын мөнгө огтхон ч хамаарахгүй, ямар ч хяналтгүй шууд гадагшаа гарах нөхцөл бүрдэв. Энэ мэтээр УИХ гаргасан шийдвэрээ нэг ч хонохгүй засах, баталсан хуулиа өөрчлөх асуудал нэг биш нэлээд хэд гарав. Х.Нямбаатар гишүүний оруулж ирсэн Эрүүгийн, Зөрчлийн хууль хаврын чуулганы үеэр хамгийн их шүүмжлэл сонссон хууль болсон.

Өөрийнх нь намын туршлагатай гишүүд хүртэл түүхий, тооцоо судалгаагүй хууль болсон хэмээн шүүмжилж, учраа мэдэхгүй бацаан чухал хуулиудыг самарч гүйцлээ гэх шүүмжлэл ч хэвлэлээр хүчтэй яригдаж байлаа. Эдгээр хуулиудыг боловсруулахдаа өмнөх алдааг нь засахгүй оруулж ирсэн нь хар тамхины хэрэгтэнийг өршөөх, эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон зэргээс харагдаж байв. Энэ асуудлыг сөхөж тавьсан О.Баасанхүү гишүүнийг МАН-ын бүлгийн гишүүд цаашлаад Зам тээврийн дэд сайд нь хүртэл доромжилж байсан ч эцэстээ үнэнд гүйцэгдэж, өдгөө өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн бариад явж байх жишээтэй.

Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн нярай хүүхдийг хөхний сүүгээр хооллох, хооллохгүй эсэхийг хуульчилсан асуудал ч олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан. Валютын сангийн ах нарын хүсэл хэмээн шавдуулсаар батлуулсан приус машины татварыг 50 хувь болгох асуудлаа УИХ мөн л хэдхэн ч хонохгүй эргэж ярьсан. Үүнээс болж олон зуун иргэд хохирч, харин ченжүүд завшаад өнгөрлөө.

Төв банкинд хийсэн шалгалтын дүнгээс болж мөн л МАН, АН хоёр удтал маргалдаж, идсэн ууснаа илчилсээр хаврыг барлаа. Хамгийн сүүлд УИХ анх удаа нэг хүнийг онилсон ялын тогтоол баталж, олон зуун аж ахуйн нэгжүүдийг шоронд илгээх тогтоол баталсан юм. Нэг сайдаа огцруулж, даргын цүнх барьж явсан цөөнгүй хүмүүст Элчин сайдын суудлаар бэлэг барив. Мөн Б.Жавхлан нарын гишүүд Хөрөнгө оруулалтын банк нэрээр гадны банк санхүүгийн байгууллага оруулж ирэхээр санаархсан ч Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарснаар мөн л хуулийн төсөл нь гацаанд оржээ.

СӨРӨГ ХҮЧИН ОНЦ ДҮН АВЛАА

Энэ мэтээр өнгөрсөн хаврын чуулганаас олигтой үр дүн харагдсангүй. Хэт их ажилласан ч хийсэн гавьяа дулимаг хаврын гурван сарыг үджээ, тэд. Чуулганы нээлтийн үеэр амлаж байсан шиг эдийн засгаа хямралаас гаргаж, энгийн тасагт хэвтүүлж чадсангүй. Өр тавьж, төсвийн алдагдлаа нөхсөн, өмнөх зээлээс давуулж авсан мөнгөөрөө эдийн засгаа сэргээх бус сонгуулийн амлалт өгснийг эс тооцвол энэ парламентаас гялтайх мэдээ ховорхон дуулдав.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ганц нэгхэн чухал хууль хаврын чуулганы хэрүүл дундуур батлагджээ. Тодруулбал, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх тогтоолын төслийг баталж чадлаа.

Н.Номтойбаяр нарын залуу гишүүдийн дэмжлэгээр залуучууд анх удаа бие даасан хуультай болов. Хог хаягдлын тухай хуулийн төслөө шинэчилж чадсанаар аюултай хог хаягдлаа эмхлэх, үнэгүйдсэн баялаг гэгдэх хог хаягдлыг дахин ашиглах асуудлаар нэг шат урагшлав. Маргаан мэтгэлцээнтэй ч Зөрчил, Эрүүгийн хуулиа баталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх зэрэг хуулиудыг тус тус баталж чадлаа.

Энэ мэтээр нийгмийн анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн хуулийг цөөнгүй баталсныг нь үгүйсгэж болохгүй. Харамсалтай нь энэ бүх гавьяагаа гаХаврын чуулганы амжилт, алдааг бичихдээ сөрөг хүчний оролцоог дурьдахгүй өнгөрч боломгүй. Хэдийгээр парламентад есөн суудал авсан ч АН-ынхан хаврын чуулганаар улс төрийн сөрөг хүчин шиг зангарагтай ажиллаж чадлаа. Хатуухан хэлэхэд, олонхийн гишүүдийн өмнөөс ажлыг нь хийж, УИХ-аар хэлэлцэж буй олон ч хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Төрийн албаны чадамж, Эрүүгийн хууль гэх мэтээр анхаарал татсан хуулиудаар тэд хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн болон иргэдийн байр суурийг МАН-ынханд хүргүүлж байв. Мөн шаардлагатай сэдвээр тухай бүр нь байр сууриа илэрхийлж, Төв банкны асуудалд ч аль нэг талыг бус эдийн засгийн бодит үр дүн, бодлогын шинжтэй байр суурь илэрхийлж байсан нь олон нийтийн талархлыг хүлээж, ард түмнээс тэд “А” үнэлгээ авч чадлаа.

    Өнөртогтох

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.