2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
АНУ-Мексикийн хил дээр босгох хананы найман загварын бүтээцийг үйлдвэрлэж эхэлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны ажлын үеэрээ амласан Мексикийн хил дээр босгох хананы 8 загварын бүтээцийг үйлдвэрлэж эхэллээ хэмээн АНУ-ын Засгийн газраас мэдэгдсэн байна.

Би-Би-Си агентлагийн мэдээлснээр, эдгээр загварын 4 нь төмөр бетон хана байх ба харин үлдсэн 4-ийг нь өөр бусад материалаар хийнэ гэж Хил гаалийн хамгаалалтын албанаас мэдээлжээ. Хананы хэд хэдэн хэсгийг Сан-Диегогийн ойролцоо босгохоор төлөвлөж байгаа юм. АНУ болон Мексикийн хооронд “маш том  хана” босгох болно гэж Д.Трамп амласан билээ.

Сан-Диего-Тихуан бүс нутаг руу нэвтрэх 3 боомтын нэг болох Оте Месагийн ойролцоо хана босгох ажил эхэлсэн байна. Босгох хананы загварууд нь 9 метр өндөр ба 9 метр урт байх бөгөөд 30 хоногийн дотор барьж дуусгах юм. Дараа нь албаны хүмүүс жижиг гар багаж ашиглан нүхлэх замаар хананы нэвтрэлт эсэргүүцэх чадварыг үнэлэхэд гурван сарын хугацаа зарцуулах юм.

Хамгийн эцсийн шатанд хананд камер, мэдрэгч зэрэг тоноглол суулгах юм. Хана тус бүр нь 450 мянга хүртэл ам.долларын өртөгтэй байх ба үүнийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хэдийнээ баталсан байгаа юм.

Ханыг барих ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум ам.доллар гаргуулах хүсэлтээ Д.Трамп Конгресст тавиад байгаа хэдий ч хараахан шийдэгдээгүй байгаа аж.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.