2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Америкчууд “хар баасан гарагт” цахимаар олон тэрбум ам.долларын худалдан авалт хийв

“Хар баасан гараг” буюу онцгой хямдралын өдөр АНУ-ын иргэд онлайн худалдан авалтад 6 тэрбум 2 сая ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 23.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тухай телевизийн CNBCсуваг “Adobe Analytics” төвийн статистик мэдээллээс иш татан уламжилжээ.

Дээрх худалдан авалтын 80 хувийг “Amazon”, “Walmart” зэрэг АНУ-ын хамгийн том онлайн дэлгүүрүүдээс хийсэн байна. “Adobe Analytics”-ийн статистик мэдээллээс үзэхэд, цахим худалдааны нийт орлогын 33.5 хувь нь буюу 2 тэрбум орчим ам.долларыг гар утасны төхөөрөмжүүд авахад зарцуулсан нь өнгөрсөн оныхоос 4.4 хувиар өссөн үзүүлэлт аж.  

АНУ-д 11 дүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэсний дараах баасан гарагт уламжлал ёсоор Зул сарын баярын өмнөх худалдаа эхэлдэг. “Хар баасан гараг” гэдэг нэр томьёог 1869 онд хөрөнгийн бирж дээрх үймээнийг тайлбарлахад анх ашиглаж байсан бол энэ нэр томьёог орчин үеийн утгаар нь 1959 оны үед энэ өдөр худалдааны төвүүдийн ойролцоох автозамын түгжрэлийг мэдээлэхдээ ашиглаж эхэлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.