2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Сураггүй алга болсон 19 иргэний асуудлаар Улсын Онцгой комисс шуурхай хуралдлаа

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.
Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт  21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.
Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм.

Х.Онон

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.