2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Нэр дэвшигч Х.Баттулга Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаа Дорнод аймагт үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр өглөө Дорнод аймгийн төвд байх Халх голын дайнд амь насаа алдсан Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Юуны өмнө монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Улмаар  Дорнод аймгийн төвд байрлах Зүүн бүсийг эрчим хүчээр хангаж буй цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэхүү цахилгаан станц нь 36 мВаттын хүчин чадалтай бөгөөд  Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сумдыг эрчим хүчээр хангадаг ажээ. Шаардлагатай тохиолдолд Хэнтий аймгийг ч эрчим хүчээр хангах боломжтой юм байна.Тодруулбал, 39 сумын 24710 айл, 3133 аж ахуй нэгж, 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг эрчим хүчээр хангах чадалтай станц ажээ.

Станцын үйл ажиллагаатай танилцах үеэр инженер, техникийн ажилчид нь түүнийг өөрсдийнх нь адил хөдөлмөр бүтээлийн дундаас босч ирсэн хүн хэмээн хүндэлж явдгаа хэлж, дэмжихээ илэрхийлж байлаа. Мөн энгийн ажилчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, бидэнтэй ирж уулзсанд баярласнаа ч илэрхийлсэн юм.

 Түүний дараа Бунхант толгой хэмээх газар байрлах Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалд зориулсан хөшөөт цогцолборт очиж, зургаа авахуулж, хүндэтгэл үзүүллээ. Тус цогцолборыг Халх голын дайны үеэр амиа алдсан Зөвлөлтийн 111 нисгэгчийн дурсгалд зориулж бүтээсэн аж. 111 нисгэгчийн гурав нь ЗХУ-ын баатар, нэг нь хошой баатар нисгэгч байсан юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга одоо 10:30 цагаас Дорнод аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийнэ.

Эх сурвалж: Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас бэлтгэв

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.