1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 11 компанийн 600 орчим такси явж байна. Харин бидний нэрлэж заншсан хувиараа такси эрхлэгчид буюу халтуурчид үүнээс тав дахин их буюу 30-40 мянга байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас гаргасан судалгаанд дурджээ.
Нэг талаар халтуурчид 30-40 мянгуулаа болсон нь Улаанбаатар хотод такси үйлчилгээний зах зээл ямар эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байгаа юм. Харин энэ орон зайг яагаад албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээний компаниуд нөхөж чадахгүй байна вэ гэсэн асуулт урган гарч байна.
Судалгаанаас харахад, дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдож байвал эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байгаа юм.
Хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байна
Ийн эрэлт хэрэгцээг такси үйлчилгээ эрхлэгчид гүйцэхгүй байгаагаас шалтгаалан иргэд цаг хугацаа хэмнэх үүднээс өөрт хамгийн хялбар аргаар буюу зам дээрээс дурын такси барихаас өөр аргагүй байдалд ордог. Энэ нь явсаар халтуурчид такси үйлчилгээ эрхлэх ёстой, тэдэнтэй аль болох хөдлөхөөсөө өмнө км тутмын үнийг асууж тохиролцох, бэлэн задгай мөнгөтэй явах гэх мэт ойлголтыг ёс юм шиг хэвшүүлсэнд байна. Мөн эд зүйлээ мартаж буувал хаясан хүний гарз, олсон хүний олз болдог “хууль” ч халтуурчдад үйлчилж байдаг.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаагаар хотын төв хэсэгт 07.30-09.20, 12.00-13.30, 16.30-19.40 цагийн хооронд хамгийн их түгжирдэг гэжээ. Энэ үед шатахуунаараа “шатахаас” болгоомжлоод хувь, хувьсгалын аль ч такси үйлчилгээнд гарах нь цөөрдөг. Энэ мэт ерөөсөө л бодлого, зохицуулалт үгүйлэгдснээс такси үйлчилгээг зохих албад нь хянаж чадахаа байж, халтуурчдын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Үнэндээ сайн дурын халтуурчдын үйлчилгээг зохион байгуулах нь бүү хэл хууль эрх зүйн орчин байхгүй, хяналт сул, аюулгүй байдал, даатгал гээд хариулт хариуцлага нэхсэн түмэн асуудал ундарсан хэвээр.
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой хамгийн их гардаг гомдол нь иргэд үйлчлүүлэх биш дээрэмдүүлэх, таксины жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэх, илүү мөнгө нэхэх, таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудлуудтай холбоотой байдаг.
Тэрчлэн автомашины өнгө үзэмж муу, эвгүй үнэртэй байдаг төдийгүй жолооч нар нь харилцааны соёлгүй, мөнгө тааруулж өгөхийг шаарддаг, эсвэл хариулт өгдөггүй, жолоо барьж явахдаа утсаар ярьж, аюулгүй байдал хангадаггүй гэх мэт айдас, тав тухгүй байдлын талаар гомдол, зөрчил тасрахгүй.
Уг нь зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой гэдгийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэлдэг юм. Тухайлбал, такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, онгоц буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна.
Тэгвэл бусад хөгжингүй хотуудын жишиг, такси үйлчилгээний зах зээл ямар байгааг сонирхоё. Сөүл хотын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй 80 мянган такси үйлчилдэг аж. Тус хотын захиргаа такси компаниудаас гадна хувь хүмүүст энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог юм байна.