2024 оны 11 сарын 12
Мэдээ, мэдээлэл
ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн “ял” авлаа

2018.05.31-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын хэсэг дарга нар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокегоор үйлчлүүлжээ. Энэ үеэр тэд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн бөгөөд тамхи татахгүй байхыг сануулсан барменыг зодож танхайрсан байна.

Хэрэг гарах үед ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, тус газрын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар байсан аж.

Хохирогчийг О.Т гэдэг бөгөөд хамар нь хугарсан байна. Бид түүнийг олж уулзахад “Тухайн явдлаас хойш би ажлаасаа гарсан. Ямар ажил хийдэг хүмүүс вэ гэдгийг нь мэдэхгүй. Танихгүй. Хамар хугарсан. Цагдаад хандсан. Эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Одоо хэргийг шалгаж байгаа” гэв.

Хэрэг гарах үеийн бичлэг хавтаст хэрэгт авагдсан байна. Тиймээс энэ хэрэгт ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэнг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар шалгасан байна. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Тэгвэл энэ хэрэг шийдэгдсэн байна. Тодруулбал, ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн  450 000 төгрөгөөр торгуулсан байна. Н.Мөнхсүрэн нь гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо барагдуулсан болохыг эх сурвалж мэдээллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.