2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Авто худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын дунд үймээн дэгдлээ

Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр гарсан билээ.

Тодруулбал НИТХ-ын 2014 оны 3-р сарын 21-ний өдрийн А29 дүгээр захирамжийн дагуу “Авто машин, сэлбэг худалдан борлуулагчдыг УБ хотоос албадан нүүлгэх шийдвэр” гарсантай холбогдуулан уг шийдвэр гарсан.

Газрыг чөлөөлөхөөр өнөөдөр албаныхан очсон ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хамгаалалтад тус газрыг авахад худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зодоон цохион үүсэж, зарим худалдаа эрхлэгчдийг баривчилсан байна.

Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс уг газрыг “2007 оноос эхлэн тордож, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах төвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо” гэж мэдэгдээд буй.

Улмаар шүүхийн байгууллагын хаалга татаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тус газар нэлээд асуудал дагуулсан. “1000” машины зогсоол буюу “Даяар хас” ХХК-ийн хувьд тус талбайг өнгөрсөн 2005 оноос өөрийн хөрөнгөөр тохижуулж, ашиглаж эхэлсэн байдаг. Харин 2007 оноос өнөөдрийг хүртэл тус газрыг УБТЗ-ын өмч гэж андуурч гэрээ хийж, түрээсийн төлбөрөө төлж иржээ. Учир нь УБТЗ-ын дарга, удирдлагууд төмөр зам дагуух газрыг 1949 онд УБТЗ байгуулагдахад ЗСБНХУ-БНМАУ-ын хоорондын гэрээгээр баталгаажсан төмөр замын өмч гэж тайлбарладаг ч Тагнуулын ерөнхий газраас 1949 оны архивт тийм гэрээ байхгүй гэж мэдэгдсэн байдаг.

Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс 1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина хэмээн мэдэгдээд байгаа юм. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.