2024 оны 11 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Төр засгаас ээжүүдэд хамгийн том боломж олгов
Монгол Улсын нийгэм, эдийн засагт 2017-2018 онд багагүй ахиц дэвшил гарсан. Нөхцөл байдал цаашид ч урьдынхаасаа илүү сайжрах хандлага ажиглагдаж буй. Өр, зээлэнд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн, улс орон хямралын ирмэгт ирсэн хүнд хэцүү үеийг бид даван туулж чадсан гэж төр, засгийн удирдлагууд тодотгосон. Тодруулбал, эдийн засгийн бодит өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 888.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
Энэ мэт нааштай өөрчлөлт гарахад дэлхийн зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгө, зээлийн зөв бодлого шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг төр, засгийн удирдлагаас гадна эдийн засагчид, улмаар энгийн иргэн хүртэл хэлж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд олон нийт талархалтай хандаж байна.
Тухайлбал, энэ оны нэгдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг найм, өнгөрсөн сараас төрийн зарим албан хаагчийн цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах асуудлыг нэн түрүүнд тавьж байгаа. Энэ нь нийгэм, эдийн засагт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг иргэдийнхээ амьдралд "нааж” тэднийг боломжит бүх талаар нь дэмжих бодлого баримталж буйн илэрхийлэл юм. Түүнчлэн 2017-2018 онд төр, засгаас иргэдийн амьдрал ахуй, амьжиргааг дэмжсэн, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэн гаргасан шийдвэр, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон батлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр олон. Тэдгээрээс хүн амаа өсгөх, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор эхчүүдэд зориулан хэрэгжүүлж буй хөтөлбөр, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, ээжүүдэд олон боломж олгов. Тодруулбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэттгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломжийг мөн бүрдүүлэв. Мөн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохын зэрэгцээ гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
 
Ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцож байна
 
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгах зохицуулалтыг тус хуульд оруулсан. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцож байна. Жишээлбэл, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жилд зургаан жилийг нэмж тооцох юм. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жилд есөн жилийг нэмж тооцож байна. Ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөхөн жил ажилласан байхын зэрэгцээ эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаарч нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээг маш багаар боддог байна. Тиймээс дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг өндөр тогтоож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь нь ч тэр хэрээр өндөр байх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр ээжүүдийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байгаа юм. Жилд 10 мянга гаруй даатгуулагч эхийн ажилласан жилийг нэмэгдүүлэхээр тооцжээ.
 
Нийгмийн даатгалд санаа зовохгүйгээр хүүхдээ гурван нас хүртэл өсгөх боломжтой
 
Хүүхдийг гурван нас хүртэл эхийн сүүгээр хооллох, өсгөж хүмүүжүүлэх нь олон давуу талтай байдаг. Наад захын жишээ дурдахад, ээж нь хүүхдээ асран халамжилж, хөхний сүүгээрээ хоололбол ханиад томуу тусахгүй байх магадлалтай. Энэ мэт давуу тал олон учраас ээжүүдийн дийлэнх нь хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөн хүмүүжүүлэхийг илүүд үздэг. Энэ нь нэг талаараа ажилгүй, гэртээ сууна гэсэн үг. Гэтэл тухайн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасрах асуудал үүсдэг. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж өсгөх тусам тухайн ээжийн улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл тасалдаж, тэр хэрээр бага тэтгэвэр авах нөхцөл бүрддэг байна. Тиймээс гурван нас хүртэл хүүхдээ өөрийн биеэр асарч хамгаалж, бойжуулж буй ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг таслахгүй байх зохицуулалтыг дээрх хуульд оруулсан. Ингэснээр ээжүүд ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асрах боломжтой болсон юм. Тодруулбал, албан журмын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд даатгуулсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлж байна. Улсын хэмжээнд 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа, тооцоо бий. Тэдний 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тиймээс ийм ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөвөл энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцах, үлдсэнийг нь ээж өөрөө төлөх юм.
 
Даатгуулсан хэлбэрээс үл хамааран тэтгэмж авч байна
 
Ээжүүдийн нэг хэсэг нь албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгуулсан хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100, сайн дурын даатгалд хамрагдсан бол 75 хувиар авдаг байлаа. Харин холбогдох хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулснаар даатгуулсан л бол хэлбэрээсээ үл хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмж 100 хувиар авдаг байхаар тусгасан нь ээжүүдэд олгож буй том боломж учир тэд үүнд талархалтай хандаж байна.
 
"Цалинтай ээж” хөтөлбөрт ээжүүд талархалтай хандаж байна
 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлэх заалт биелэлээ олсон. Тодруулбал, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ өнгөрсөн оны зургаадугаар сард баталж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн хүрээнд жирэмсэн эх сард 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Энэ онд улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эхийг "Цалинтай ээж” хөтөлбөрт хамруулахаар тооцоолж, үүнд нийт 81 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжид 16500 эцэг, эхийг хамруулахаар тооцож, 15.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм.
 
C.Сайнзаяа
Эх сурвалж: www.unen.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.