2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Намуудын рейтинг унасаар байна

1990 онд намуудын рейтингийн нийлбэр бараг 99 хувь байсан бол одоо парламентад суудалтай намуудынх нийлээд ч 30 хувьд хүрэхгүй болжээ.

Энэ нь иргэд улс төрийн намд итгэх итгэлгүй болж буйн нотолгоо. “MEC” судалгааны байгууллагаас нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх Улаанбаатар хотын иргэдийн үнэлгээг сар бүр гаргадаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур хийсэн түүвэрчилсэн судалгааны дүн гарчээ. Эндээс харахад парламентад суудалтай улс төрийн намуудын рейтинг огцом буурсан байна.

Тодруулбал өнгөрсөн оны төгсгөлд судалгаанд оролцсон иргэдийн 17 хувь нь МАН-ыг дэмжсэн бол энэ удаа 11 хувь болж буурсан байв. Харин Ардчилсан нам өмнөх сард 25 хувийн дэмжлэгтэй байснаас арван хувийг нь алдсан дүн гарчээ. Одоо бол иргэдийн 15 хувь нь Ардчилсан намыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 

УИХ-д ганц суудалтай МАХН-ын хувьд иргэдийн дөрвөн хувийн дэмжлэгийг авчээ. Энэ нь бас л өмнөх сараас гурван хувиар буурсан гэсэн үг. Харин судалгаанд оролцсон нийт иргэний 70 хувь нь аль ч намыг дэмжээгүй байна. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс авсан гэж тус судалгааны байгууллагын тайланд дурдсан байсан.

Улстөрчид болон улс төрийн нам иргэдийн итгэлийг эрс алдаж, байдал эвгүйтсэнийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдэрсэн.

Тодруулбал, “сонголтгүй сонгууль” гэсэн нөхцөл байдал Монголын нийгэмд нэгэн шинэ үзэгдлийг бий болгосон нь “Цагаан хуудас” байлаа. Энэ нь сонгуульд оролцон ирц бүрдүүлсэн ч гурван нэр дэвшигчийн хэнийг ч сонголгүй хоосон цаас уншуулсан явдал. Эхний шатны сонгуулийн санал хураалтаар цагаан хуудас уншуулсан хүний тоо 18 мянга орчим байсан бол хоёр дахь шатны сонгуулиар 90 мянга давсан нь хэн хүний таамаглаагүй тоо байсан юм.

УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийн дүнгээс харахад АН-ын ч, МАН-ын ч рейтинг тогтмол уруудсаар ирсэн байдаг.

Тэдний хоосон орхисон орон зайн дээр бие даагч гишүүд болон шинээр мэндэлсэн, мэндлэхээр мэндлэхээр тоглолт хийх үе байдаг. Гэвч энэ удаа тэгтлээ цойлж, мандчихаар нам хараахан гараагүй байна. Магадгүй улс төрийн аливаа сонгууль ойрд болохгүйтэй холбоотой ч байж болох. Хэдийгээр рейтингээ алдсаар байгаа ч МАН, АН-ын хувьд өнгөрсөн 15 жилийн хугацаанд улс төрийн тавцан дахь байр сууриа тогтмол хадгалж ирсэн. Энэ нь тус хоёр хүчин сайных гэхээс илүү өөр нам гарч ирэхгүй (тийм боломж олгодоггүй) байгаатай холбоотой.

Тухайлбал 1992-2012 оны нийт зургаан удаагийн ээлжит сонгуульд энэ хоёр нам ээлжлэн, бас хамтран төр барьсан. Тэгэхээр иргэд намд итгэхгүй болж байгаа нь энэ хоёр намтай л холбоотой гэсэн үг.

Иргэдэд намуудын юу таалагдахаа больсон бэ гэсэн судалгааны асуултад “Нам бүр дотроо лидер дагасан тусдаа бүлэглэлтэй, бүлэглэлүүд нь эрх мэдлийн төлөө тэмцэлтэй, ялсан нь эрх мэдэл олдог. Энэ бохир системээр дамжиж төрийн эрх бүлэглэл дагасан цөөн хүнд төвлөрдөг” гэсэн байв.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.