2024 оны 06 сарын 21
Мэдээ, мэдээлэл
Нөөцөөр хуурагдах амьдрал нөөшлөгдөх вий дээ

Махны үнэ тэнгэрт хадла гэхээр нөөцийн мах гаргана аа л гэнэ. Түүхий нүүрсээ түлье гэхээр нөөцөлсөн шахмал түлш хэрэглэ л гэнэ. Иргэддээ дор бүр нь хэрэглүүлэхгүй нөөцлөөд байхаар нөгөө хэсэг нь хэрхэн амьдрах болж байна вэ.

Ирэх намраас нийслэлд түүхий нүүрс хэрэглэсэн айл, өрхүүд хуулийн хариуцлага хүлээнэ. Журам зөрчсөн, агаар бохирдуулсан гэх мэтчилэн олон шалтгаар зөрлийн хуулийн дагуу торгуульна.

Дөнгөж өчигдөрхөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг хэлэлцсэн.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэх ажил бөгөөд ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тэд наймдугаар сарын 1-ний дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаа зохион байгуулж, төлөвлөгөө гарган, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах учиртай. Мөн иргэд, олон нийтийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, нийлүүлэлтийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах аж.

Мэдээж аливаа ажлын суурийг зөв эхэлвэл болохгүй зүйл гэж үгүй. Харамсалтай нэгийг хийхийн тулд нөгөөг үгүй болгох нь хэр зохистой алхам юм бол.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжиж өнгөрсөн 5 сарын 15-наас түүхий нүүрс нийслэлд худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Энэ өвөл эхнийх нь бөгөөд сайжруулсан түлшний чанарыг шалгах үе.

Айл, өрхүүд боломж чадлаараа байгааг нь хэрэглэдэг. Харин борлуулагчид нь хэрхэх бол. Мэдээж томоохон аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүрүүд нүүрс, шахмал түлш борлуулдаггүй. Өөрсдийн амьдрал, амьжиргаагаа өөд нь татах гэсэн цөөн иргэн мод, нүүрс зарж байсан. Харин одоо тэд ирэх намраас хэрхэн амьжиргаагаа зохицуулах бол.

Дөнгөж түүхий нүүрсийг хориглоход л борлуулагч, нийлүүлэгч, хэрэглэгчдийн дунд асуудал үүсч эхэлсэн. Учир нь дээр дурдсан 5 сарын 15-наас цаг агаар сэрүүсч гэр хорооллын иргэд галлахаас аргагүйд хүрсэн. Тэгмэгц хэрэглээнд ашиглах ёстой “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлш борлуулах цэг нь цөөхөн учраас олдоц муутай, түүхий нүүрсний худалдаа далд хэлбэрт шилжсэн гээд бэрхшээл тулгарч байсан. Энэ тухай мод, нүүрс борлуулагчид болон худалдан авагчид ч хэлж байв. Түүгээр ч зогсохгүй худалдан борлуулахаар авсан байсан нүүрс нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд зарж дуусаагүй байсан тулд “шатчихлаа”, өрөө яаж төлнө өө, зээлээр авч жижиглэнгээр зарж байсан юм” гэх мэтээр халаглаж байсан борлуулагч олон.

Тэдгээр борлуулагч нар өөрсдийн гэрийн ойролцоо, эсвэл тодорхой хэмжээний түрээс төлөөд тухайн газартаа түлээ, нүүрс борлуулдаг байсан. Харин энэ удаа тэдний зарж байсан түүхий нүүрсийг хориглоод зогсохгүй амьжиргаагаа залгуулж байсан худалдаа нь ч үгүй боллоо.

Учир нь Нийслэлийн Засаг дарга сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг үүрэгдчихсэн. Тэгэхээр өөр борлуулагчид энэ зах зээлд хүч түрэн орж, ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ. Энэ тохиолдолд хэрхэх вэ С.Амарсайхан дарга аа. Ажилгүй, орлогогүй болсон иргэд, тэдний гэр бүлийн амьжиргааг шийдвэрлэх өөр гарц бий юу. Аль эсвэл тэр чигээр нь орхих уу.

Иргэдийнхээ хэрэглээнд ихэд санаа зовгиж буй мэт дүрэм, журам батлаж байгаа ч тэр нь хөрсөн дээрээ хэрхэн бууж байгааг энэ сайд, дарга нар ер нь мэддэг болов уу. Уг нь ардчилсан нийгэмд нэг айл, өрх байтугай хувь хүн бүр амн, амьтан хүртэл хохирох учиргүй л байлтай. Гэтэл манайхан гэж нөөж, нөөж байгаад л амьдарлыг нь нөөшилчих шахсан элдэв дүрэм, журмаар дараад байх юм. Амьдрал баян ч ард түмэн тийм ч номхон биш байлтай.

 

Эх сурвалж: Erennews.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.