2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Сурвалжлага: Ирэх сард ашиглалтад орох 100 жилийн ашиглалтын баталгаатай Яармагийн гүүр

Намрын шар нартай уралдан бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа газар гэвэл Яармаг орчимд л байна. Яармагийн гүүр ашиглалтад орох хугацаа хэзээ мөдгүй болчихож.  Цаад талын хугацаа ирэх сарын 30 гэж байна.  Уг нь төлөвлөгөө ёсоор бол ирэх оны эхний улиралд ашиглалтад өгөх товтой байсан ч  хугацаа хожиж ийнхүү наашилжээ. 

Гүүр ийм болно. Голын наад талдаа туннельтэй, харин цаад талдаа Яармагийн замыг Богдхан уулын арын замтай холбосон гүүрэн замтай болно

 Тэнд тэрэг техник хүн хүчний томоохон баг ажиллаж байна.  Ажлын талбар том, ихээхэн  орон зай эзэлсэн бүтээн байгуулалт явагдаж байгаа нь харваас илт. Яармагаас ирдэг замыг  Богд уулын арын замтай давхар гүүрэн замаар холбочихож. Одоо энд хучилтын ажил ид дундаа явж байна.  Харин голын наад талд замын болон туннель барих ажил өрнөж байна.  Үүнийгээ жаазан гүүр, тулгуур хана барих ажлууд  гэж тодотгоно билээ. Яармагийн шинэ гүүрийн бас нэг салаа урсгал нь III цахилгаан сатанцын баруун талаар явдаг замтай холбогдох  бөгөөд тэндээс ирсэн машин гүүрэн доорхи туннелээр гарч  Яармаг болон бусад чиглэлийн урсгалтай нэгдэх боломжтой болох юм байна.

Ашиглалтад ороод байгаа шинэ гүүр нь 250.2 метр урттай, 20.5 метрийн өргөн, дөрвөн эгнээтэй бөгөөд харин хуучин гүүрийг засварлаж дууссанаар нийтдээ 6 эгнээтэй болох юм байна.  Одоо хуучин гүүрийг засварлах ажил үндсэндээ хийгдээд  ихэвчилчихжээ.  Шинэ гүүр ашиглалтад орсноор хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч байгаа юм байна.

Ямартай ч Яармагт ойрын жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна. Түүнээс гадна Монголын анхны давхар зам гэж тодотгож болохуйц  байгууламж ашиглалтад орох гэж байгаа юм байна.

Өнгөрөгч оны гуравдугаар сарын сүүлчээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил эхэлж байснаас хойш жил гаруйхан хугацаа өнгөрчээ. Ажлын цар хүрээ ихтэй, инженерийн нарийн шийдэлтэй байгууламжийг ийм богино хугацаанд барьж байгуулна гэдэг амаргүй ажил.

Энэхүү Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа  “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20-р товчоо” корпораци ажиллаж байна.

Үндсэндээ энд дандаа хятад ажилчид ажиллаж байгаа харагдана лээ.  Энэ гүүрийг 100 жилийн баталгаатай хэмээн  тооцож төслийг хийжээ. Харин  зам гүүрийн барилгын ажлын чанарт “Эс Ар Пи Инженер консалтинг Монголиа” ХХК хяналт тавьж ажлын чанарыг нь үе шат бүрд баталгаажуулж байгаа юм байна.  Тус компанийн хяналтын зөвлөх  Кристиан Нойбауэр “Манай захиалагчийн тавьж байгаа гол шаардлага бол энэ гүүрийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж баринх шаардлага байсан. Бүх тооцоо үндэслэлтийг бид 100 жилийн цаг хугацааг үндэслэн хийсэн. Манай ажил үүрэг бол энэ талбай дээр хйигдэж байгаа ажлын чанарыг баталгаажуулдах явдал юм. Тиймээс бид ажлын үе гат бүр дээр чанарыг баталгаажуулаад явсан. Энэ бол бидний энэхүү бүтээн байгуулалт дээр хийх ёстой ажил байгаа юм” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Яармагийн шинэ гүүр баригдсанаар Хөшигтийн хөндий шинэ нисэх буудал болон, “Чингис хаан” олон улсын онгоцны буудлын бүсэд шинээр баригдсан орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг үлэмж сайжруулах юм. Иргэдийн сэтгэхүйд хамгийн ойр утгаар нь авч үзвэл энэ хэрээр замын түгжрэл  багасна.

Ийнхүү Улаанбаатарчууд удахгүй шинэ гүүрэн байгууламжаа иж бүрнээр нь ашиглалтад хүлээн авах нь. Энэ бол энэ сонгуулийн хугацаанд Нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд  одоо Замын цагдаагийн гүүрэн гарц давхар замын ажил ид өрнөж байна.

М.Нэргүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.