2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Хөгжлийн банкны зээл хөөс болж замхрах уу?

Хөрөнгө оруулалтыг эдийн засгийнхаа суваг шуудуу бүрт нэвт шингээж чаддаг дэлхийд цуутай олон жишээг тэргүүлж яваа улсын нэг нь Сингапур. Энэ улсын ДНБ 2017 оны байдлаар 323 тэрбум ам.долларт хүрчээ. Тиймээс нэг хүнд ногдох нийт үйлдвэрлэлийн өсөлтийн хэмжээ 57 мянган “ногоон” байдаг.

Манай гараг дээрх анхны жолоочгүй автомашиныг зам дээр хөлөглүүлж, найман настай балчраас наян настай буурал хүртэл тээврийн хэрэгслийг дураар удирдах мөрөөдлийг энэ улс амьдрал болгосон юм. Ийм өндөрлөгт хүрсэн тэдний нууц их энгийн, ердөө л хөгжлийн зээлүүдийг өрсөлдөх чадварыг нэмэх төслүүдэд шингээснийх ажээ.

Манай улс 10 жилийн өмнө Хөгжлийн банк байгуулж, хөгжилд дөтлөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газрын баталгаатай 580 сая ам.долларын үнийн дүн бүхий Евро бонд, 2014 онд 30 тэрбум иений үйлдвэржилтийн Самурай бонд гаргаад, Хятадын Төвбанктай хамтарч 162 сая ам.долларын гэрээ байгуулж, эрчим хүч болон авто замын төсөл зэрэг хөтөлбөрүүдэд оруулжээ.

2015 онд IV цахилгаан станцыг сайжруулахаар 20 сая “ногоон”-ы гэрээ байгуулсан зэргээр эх үүсвэрийн жагсаалтыг бичвэл овоо урт түүхтэй. Хөгжлийн банкаар дамжуулан 61 зээлдэгчийн 70 орчим төсөлд зориулан санхүүжилт олгосон байна. Гэвч зээлээ төлөх боломжгүй, аргагүй болчихсон гэсэн нэрийн дор хэчнээн хэмжээний мөнгө “ууршиж” үгүй болох магадлалтайг хэлэхэд бэрх байна.

ЭГИЙН ГОЛЫН УСАН СТАНЦАД ӨГСӨН ЗЭЭЛ ҮЛГЭР БОЛООД ДУУСАХ УУ?

Үлгэр домог шиг байрнаасаа хөдөлдөггүй нэг төсөл манай улсад бий. Эрчим хүчний импортыг орлох Булганы Эгийн голын усан цахилгаан станцыг барих мөрөөдөл 25 жилийн настай. Эрийн цээнд хүрсэн энэ төсөлд Хөгжлийн банкнаас 11.8 сая ам.долларын зээл олгосон бөгөөд одоогоор эргэн төлөлт нь 0 тоог зааж байна. Энэ төслөөс 26 байнгын ажилтан, түр хоёр ажилтан байнга цалинждаг гэхээр хөгжлийн мөнгө хөдлөх бус “хөлдчихөөд” байна.

Уг зээлийг Эгийн голын цахилгаан станц ТӨХК нь 2013 оны арванхоёрдугаар сарын 5-нд авсан бөгөөд төлж барагдуулах хугацаа нь 2021 оны гуравдугаар сарын 31. Засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоолоор зээлийн эргэн төлөлт улсын төсвөөс байсныг төслийн орлогоос эргэн төлөгдөхөөр гэрээг шинэчилсэн юм билээ.

“Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд зээлийн эргэн төлөлт, төслийн талаарх ОХУ -ын байр суурь ихээхэн нөлөө үзүүлэхээр байгаа тул одоо шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн зээлтэй холбоотой баримтад онцгойлон тэмдэглэжээ.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ МУХАР ТӨЛӨВЛӨГӨӨ

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах эко тулгат төхөөрөмжийн төсөлд 2017 оны зургаадугаар сарын 8-нд 628 мянган еврогийн зээл олгосон байна. Өнгөрсөн онд энэ төслөөс 558.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 252 ширхэг тулгат төхөөрөмж борлуулсан аж.

Тоног төхөөрөмжийн худалдан авалт болон санхүүжилт шийдвэрлэх үйл явц удааширсантай холбоотойгоор үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс хойшилсон гэжээ. Иймд төсөл хэрэгжүүлэгч тал зээлийн хугацааг таван жилээр сунгахыг хүссэн байна. Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.

“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЖЭЭ

“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн технологийн шинэчлэл хийх төсөлд 2012 онд 61.3 сая ам.долларын зээл олгожээ. Ирэх жил гэхэд төлж дуусгах ёстой дээрх зээлийн үлдэгдэл анх авсан хэмжээнээсээ хөдлөөгүй байна. Тиймээс энэхүү зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шилжчихээд байгаа юм.

“МАК ЦЕМЕНТ”-Д БАРЬЦАА Л БАЙНА

“МАК цемент” ХХК “Хөх цавын цементийн үйлдвэр” төслөөр Хөгжлийн банкнаас 2014 онд 55.6 сая ам.доллар, 20 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг 2017 оны арванхоёрдугаар сард төлж барагдуулах ёстой байсан юм. “МАК цемент” ХХК-ийн толгой компани болох “Монголын Алт” ХХК олон улсын зах зээлд өнгөрсөн жил бонд гаргахаар ажилласан ч амжилт олоогүй. Зээлийн хугацаа нь ч дууссан тул одоо байгаа барьцаанд тулгуурлан зээлийн хугацааг таван жилээр сунгахыг хүсжээ.

Энэ мэтээр Монголын хөгжилд хаягласан хөрөнгө оруулалтууд урсах биш ууршаад дуусах нь. Тэгээд ч уул уурхайн төслүүд дийлэнхийг нь эзэлж байгаагаас харахад тэдгээрт улс төр, хэсэг бүлэг хүний ашиг сонирхол дийлсэн байх магадлалтай юм. Ингэж хардах эрх монгол хүн бүрт бий.

Ж.ЦОГЗОЛМАА

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.