2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
ААВУУДЫН БАЯРЫГ тэмдэглэх болсон түүх

ААВУУДЫН БАЯР МОНГОЛД

Монгол улсад 2002 оноос эхэлж “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2005 оноос эхэлж жил бүрийн наймдугаар сарын наймны өдрийг аавуудын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн билээ. Тэгвэл тус нийгэмлэгийнхэн энэ жилийг “Эрчүүдийн аюулгүй байдлыг хамгаалах жил” болгон зарлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн энэ жилийн аавуудын өдрүүдийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Баривчлан хорих төвд буй аавуудад сургалт зохион байгуулж баярын өдрийг нь хуваалцах болсон тухай МЭХН-ийн тэргүүн МУСГЗ Ж.Цогтсугар мэдээллэсэн юм.

ААВУУДЫН БАЯРЫН ТҮҮХ

Анх АНУ-д аавуудын өдрийг тэмдэглэж эхэлсэн ба үүний тухай өгүүлэх нэгэн түүхийг та бүхэнд хүргэе.

Сонора Смарт Додд гэх бүсгүй аавынхаа дурсгалд зориулж энэхүү өдрийг тэмдэглэх санаачлагыг анх гаргаж, улмаар нутгийн захиргаандаа хүсэлт хүргүүлж байжээ. Түүний аав Уильям Жексон Смарт нь зургаан хүүхдээ Вашингтон дахь бяцхан фермдээ ганцаар өсгөж хүмүүжүүлэн гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн аж. Эхнэр нь зургаа дахь хүүхдээ төрүүлж байх үедээ төрөхийн хүндрэлээр нас барсан учир тэрээр айл гэрийн бүхий л асуудлаа нуруун дээрээ үүрч амьдарлаа ганцаар авч явах болсон байна.

Эцгийн хайраар дутаалгүй, эхийн халамжийг орхигдуулалгүй өөрт буй бүхнээ үр хүүхдэдээ зориулж ээжийнх нь орхисон хоосон орон зайг чадлаараа нөхөж чадсан эгэл аавынхаа алдар нэрийг мөнхлөхийг хүсчээ. Энэ өдөр ааваа санан дурсах, мөн түүнтэй адил үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг сая сая аавуудыг баярлуулах зорилгоор энэхүү өдрийг  анх 1910 оны зургаадугаар сарын 19-нд АНУ-д тэмдэглэж байжээ.

Сонора бүсгүй ээж нарын өдөрт зориулсан сүмийн мөргөлийн үеэр аав нарт зориулсан ийм өдөр яагаад байж болохгүй гэж гэсэн бодол тээж, уг бодлоо үйл хэрэг болгохын тулд тус орон нутгийн захиргаа болон сүмийн удирдлагуудад мэдэгджээ. Улмаар хүлээн зөвшөөрөгдсөнөөр жил бүр уламжлал болгон энэхүү өдрийг тэмдэглэх болсон аж.

Эх сурвалж: artofmanliness.com

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.