2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Нэр дэвшигч Х.Баттулга цэрэг дайчдад эх орны бүтээн байгуулалтад оролцох боломжийг танилцуулав

Нэр тэр дэвшигч Х.Баттулга Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, офицер ахлагч, цэрэг дайчидтай уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Биднийг 256 дугаар ангийн захирагч, хурандаа н.Галбадрах, Штабын дарга, дэд хурандаа н.Дэлгэрсайхан нар угтан авч бие бүрэлдэхүүнтэй танилцууллаа. Нэр дэвшигч Х.Баттулгын “Хүчирхэг Монголын төлөө” мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтад аймгийн Ардчилсан намын дарга Л.Энхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга “Цэрэг дайчдынхаа амрыг эрье. Сонгуулийн сурталчилгааны ажлынхаа хүрээнд ес дэх аймагтаа ирээд байна. Эх орноо нар зөв тойрч ийн явахдаа аймаг бүрийн цэргийн анги нэгтгэл, цэрэг дайчдыг онцлон үзэж, уулзаж ярилцахыг хичээж яваа билээ. Надад сэтгэлдээ тээж, бодолдоо зураглаж явдаг нэгэн мөрөөдөл бий. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дайчид нөхөд та бүхэн энх цагт эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, үйлдвэржсэн хүчирхэг Монгол Улсыг бүтээн байгуулаасай гэх хүсэл. Эл хүслээ би мөрийн хөтөлбөртөө багтааж, нэлээд тодорхой тусгасан байгаа. Өнөөдөр манай залуучууд нэг жилийн хугацаатай алба хааж байна. Хэрэв “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл хугацааг 1-3 жил болгож, цэрэг дайчид алба хаах хугацаандаа сар бүр сая төгрөгийн цалинтай ажиллаж, халагдахдаа орон сууцтай, хуримтлалтай болох боломжоор хангах юм. Үүгээр ч зогсохгүй, гурван жилийн хугацаанд хос мэргэжил эзэмших, цаашид мэргэших боломж бүрдэнэ. Манай орон харьцангуй эрс тэс уур амьсгалтай. Тиймдээ ч халуун дулааны улиралд нь гадаах бүтээн байгуулалтын ажлөө өрнүүлж, хүйтэн сэрүүний улиралд нь онол, практик хосолсон байдлаар танхимын боловсрол эзэмшиж, хос мэргэжилтэй болох боломжтой юм. Улмаар сайн дураар 1-3 жилийн алба хаасан залуус халагдахдаа орон сууцтай, эзэмшсэн мэргэжилтэй гэртээ харина. Гурван жилийн хугацаанд мэргэжил эзэмшээд, гэр оронтой болоод харьж буй хорин хэдтэй хүүхдүүд гэр бүлийнхнийхээ хувьд энх цагийн баатар биш гэж үү.

Энэ бүхэн хий хоосон төсөөлөл биш ээ. Ганцхан жишээ дурдахад Израил улс яг энэ зарчмаар өдгөө үсрэнгүй хөгжлийн замд гарч, дэд бүтцийн хөгжлөө богино хугацаанд сэргээн босгож, үйлдвэржсэн орон болоод байна. Энх цагт цэрэг дайчдаа бүтээн байгуулалтад татан оруулдаг энэ жишиг дэлхийн олон оронд амжилттай хэрэгжсэн” гэв. Нэр дэвшигчийн эх орноо тойрч буй дараагийн зогсоол түүний төрсөн нутаг Баянхонгор аймаг байх юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.