2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын тухай, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Боловсролын байгууллагуудын хүртээмж, шаардагдах хөрөнгө оруулалтын судалгааны тухай, Томуу томуу төст өвчнөөс  урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралд холбогдох албаныхан танилцуулав.

 “Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.  Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болоод байна.        

Тиймээс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь санхүүгийн нөөц шаардсан, төсөв зардал ихтэй тул эрүүл мэндийн байгууллагууд өөрийн нөөцөөрөө даван туулах боломжгүй байдаг. Иймээс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, нэмэлтээр шаардлагатай ор авах, өрөөнүүдэд тусгаарлах зай талбай бэлдэх зэрэгт төсөв хөрөнгө шаардлагатай байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа.

Харин Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт энэ сарын 25-ны байдлаар 70 гаруй хувьтай явж байгаа талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70.6 хувьтай явж байгаа. Энэ он дуустал хэрэгжүүлж дуусах хугацаа бидэнд бий. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан. Нийт 26 зорилтын хүрээнд 489 арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгаад байна. Мэдээж энэ оны ажил үргэлжлүүлэх, шинээр хийгдэх ажил ч орсон байгаа. 2018 онд бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийхээр тусгасан бөгөөд иргэдийнхээ хөгжилд түлхүү анхаарах болно” гэв.

Зөвлөлийн хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг илүү чамбайруулмаар байна. Манай баг өмнөх засгаас харьцангуй олон залуусаас бүрдсэн. Тиймээс та бүхэн илүү шинэлэг, содон санаануудыг олж, ирэх жилийн үндсэн чиглэлд оруулах шаардлагатай байна. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд НИТХ-ээр хэлэлцүүлнэ. Томуу томуу төст өвчний дэгдэлт ихэсхээс өмнө эийслэлийн Эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой. Дүүрэг бүрийн эмнэлгийн удирдлагууд  дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн талаар сайтар судлах хэрэгтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.