2024 оны 10 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Төслийг шахааны бизнес, тансаглалын талбар болгомооргүй байна

 

ТӨСЛИЙН НЭГЖҮҮД УЛСТӨРЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ШИНЖТЭЙ БОЛСОН 

Монголд төслийн ажилтан байх нь төрийн албан хаагчаас дутуугүй хэмжээнд үнэлэгдэх болоод удлаа. Цалин хангамж сайтай, цаг нартай, тодорхой мөнгөний эрх мэдэл шилжиж ирдэг тул энд өрсөлдөөн мөнхөд байсаар. Төслийн ажилтан орон нутгаас эхлээд олон улсын хурал, зөвлөлгөөн гээд байнга л явж байдаг.

Ер нь үзэж харах юм дуусахгүй их. Энэ болгоны зардал мөнгө нь нөгөө л төслөөс гарч байгаа тул хэмнэж, гамнах шаардлага ч байхгүй. Харин ч төслийн ажилтан болсон дээрээ хувийн санхүүгээ босгож, хурал, цуглаанд завсаргүй оролцох нь тухайн хүний зорилго гэхэд хилсдэхгүй. Газар үзэж, нүд тайлна гэгч болно.

Ингээд зогсохгүй дараа дараагийн төсөлд хэрхэн шингэж үлдэхээ боловсруулж, төслөөс төслийн хооронд амьдралаа ч, албан тушаалаа ч хадгалж үлдэх гэж хичээдэг болжээ. Олон улсын төсөл, хөтөлбөр олон хүний эрх ашгийг хамгаалах бус нэг, хоёр хүний хувийн өмч, нэрэмжит сан гэлтэй аашлах нь холгүй байдаг. Төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, удирдагч болоход улс төр, нам, бүлэг, фракцын нөлөө хүртэл орно.

Засгийн газар өөрчлөгдөж, улс төрийн эрх мэдэл солигдох бүрийд дагаад төслийн удирдагч, зохицуулагч нар шинэчлэгдэнэ. Төслийн нэгж толгойлох удирдлага өөрчлөгдсөнөөр баг нь задрах, улмаар хийгдэх ёстой байсан ажил зогсоход хүрнэ. Энэ нь төслийн нэгж улстөржсөн байгууллага болсны илрэл юм.

Хотын төвд үнэтэй оффисс түрээсэлж, төслийн дарга нь хөл газар үл хүргэх шинэ унаатай болно. Эндээс л төсөл хэрэгжиж, монголд хуваарилсан мөнгөн дүн нь хорогдож эхэлнэ. Эцэст нь, төсөл дуусах мөчид амжилттай хэрэгжлээ гэж хүлээн авалт хийж, хаалтаа сая хундага тулган хийнэ. Төслийн мөнгө үнэгүйдэх, үнэ цэнээ алдахад энэ мэт их тансаглал, хэтийдсэн зардал нөлөөлж байна.

Нөгөө талаасаа төсөл авна гэдэг сүлжээний бизнес маягтай болжээ. Шахааны бизнес төслүүдийг нөмөрч, энэ байдлаас болоод төслүүдийн худалдан авалт ил тод бус, олон нийтэд мэдээлэл нь хүрдэггүй. Үйл ажиллагаа, үр дүн нь шилэн байх учиртай төслүүд эрх мэдэлтний хэтэвчийг түнтийлгэх, бизнесийг тэтгэх буяны сангаас өөрцгүй болжээ.

• Манай улсад хэрэгжиж байгаа төслүүдийн хийдэг гол ажил нь сургалт. Сургалт зохион байгуулсаар байгаад дуусдаг төсөл ч байна.
• Олон улсын томоохон банкуудаас гадна дэлхийн улс орнууд манай улсад гараа сунгаж, иргэдийнхээ татварын мөнгөнөөс илүүчилдэг.
• Монголд төсөл хэрэгжүүлэхэд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээл нь улстөржилт, үүнийг дагасан хүнд суртал. 

Манай улсад хэрэгжиж байгаа төслүүдийн хийдэг гол ажил нь сургалт. Сургалт зохион байгуулсаар байгаад дуусдаг төсөл ч байна. Аймаг, дүүрэг болгонд төслийн сургалт болж, олон нийтийг мэдлэгжүүлэх, мэдээлжүүлэх ажил нь зөвхөн тэр хүрээнд л өрнөнө.

Сургалтууд хоорондоо харилцан адилгүй, өмнөхөө давтах нь их гэсэн гомдол, шүүмжлэл ч гарна.

Орон нутгаас төслийн сургалтад нийслэлд уригдсан нэгэн ирж, очих зардлаа даалгахын сацуу хотын төвийн шил толь болсон зочид буудлын аль нэгэнд нь төслийн мөнгөөр тухлаад авна. Сургалтын хажуугаар хувийн ажлаа амжуулж, сургалтын цагаа хийдүүлсэн ч оролцсон гэсэн бичиг цаастай нүүр бардам буцна. Төслийн хэрэгжилт амьдрал дээр ийм л дүр зурагтай байна.

Эрүүл мэндийн яамны харьяа төслүүд дээр гарч байсан түгээмэл жишээг эш татъя. Тухайлбал, төслийн мөнгөөр авсан байраа хувьдаа шилжүүлсэн тохиолдол нэг бус удаа гарч байсныг нэгэн танил маань өгүүлсэн юм. Улстөрчид томоохон мөнгөн дүнтэй төсөл рүү өөрийн хүнээ илгээдэг болсон.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг донор байгууллагуудын санхүүжилттэй төсөлд улс төр болон бизнесийн бүлэг өөрийн хүнээ багтаах нь давхар, давхар хожоотой гэлцэх аж. Тухайлбал, өөрийн сонгогдсон тойрогт төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно эсвэл төслийн худалдан авалтаар дамжуулан хувийн бизнесээ орлогожуулах гэх мэтчилэн хийхгүй юм алга. Төслийн удирдагчаар ашиг сонирхол нэгтэй эсвэл хамаатан саднаа, эхнэр, хүүхдээ хүртэл томилох нь холгүй байна. 

ТӨСӨЛ ҮНЭГҮЙДЭХЭД ХЭТИЙДСЭН ЗАРДАЛ, ТАНСАГЛАЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА

Төслийн толгойд нь яам, агентлаг залардаг. төрийн нарийн, дэд сайд, сайдаас өнөө төслийн “хувь заяа” шалтгаалж, төслийн удирдагч хэн болох нь тэднээс шууд хамааралтай байгаа нь төсөл улстөржих, төслийг улстөржүүлэхэд хүргэж байна. Хэдий төслийг олон улсын байгууллагууд өөрсдөө санхүүжүүлж байгаа боловч хэрэгжүүлэх эрхийг төрд үлдээдэг.

Энэ нь төслийн бодит эрсдэл болж, үр дүн тааруухан хэрэгжих учир шалтгаан нь болчихоод байна. Монгол төслийн эх орон болсон гэхэд буруудахгүй. Гэвч хэрэгжилт, үр дүн нь “нойл” зааж байгаа. Мэдээж сайн төслүүд бий боловч саар нь сайнаа давчихаад байгаа юм. Увс аймгийн Засаг даргын орлогчийн хэлснээр орон нутагт хэрэгжиж байгаа төслүүдэд сэтгэл дундуур хүмүүс их байна. Дийлэнх төсөл амьдралын гүн, асуудлын төв рүү ордоггүй гэж тэрбээр хэлсэн юм.

Төслийн нэгж нь хэрэгжиж байгаа орон нутгаа сайтар судлаагүй, ажилтнууд нь туршлага багатай гэсэн гомдол хөврөх аж. Монголд хамгийн олон төслийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хэрэгжүүлж байгаа. Эдгээр төслийн олонх нь дэд бүтэц, боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт төвлөрчээ. Энэ хоёр байгууллагын төслийн удирдагч нар хамгийн их өөрчлөгддөг. 

Учир нь, тэднийг яам, агентлагууд томилдог учраас сонгууль болгоны дараа шинэ дарга нартай болох нь бий.

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр манай улсад 2017 оны байдлаар 200 гаруй сая ам.долларын өртөг бүхий 17 төсөл хэрэгжиж байна. Олон улсын томоохон банкуудаас гадна дэлхийн улс орнууд манай улсад гараа сунгаж, иргэдийнхээ татварын мөнгөнөөс илүүчилдэг. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлаг байна.

Тус байгууллага монголд 2004 оноос эхлэн дэмжлэг туслалцаа үзүүлж буй томоохон хандивлагчийн нэг. Энэ байгууллагын шугамаар гэхэд 12 төсөл, хоёр хөтөлбөр хэрэгжиж байна. Нийт төсөл, хөтөлбөрийн санхүүжилт нь 51.5 сая швейцар франк. Төсөл, хөтөлбөрийн дийлэнх нь 2020 он гэхэд хэрэгжиж дуусахаар байна.

Монголд төсөл хэрэгжүүлэхэд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээл нь улстөржилт, үүнийг дагасан хүнд суртал. тодруулбал, орон нутагт төслийг мөнгөн дүнгээр нь ялгах, бага дүнтэй бол үл тоох, өөрсдийн ашиг сонирхлоо тулгах тохиолдол цөөнгүй.

Бусдын мөнгөөр тансаглах бус, төслийн нэгжээ өөрсдийн бизнесийн шахааны газар болголгүй авч үлдэх хэрэгтэй байна. Монголд маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй байгааг хандивлагч орнууд эхнээсээ хэлэх болсон. Зарим нь төсөл, хөтөлбөрөө царцаах, мөнгөн дүнгээ хумих, өөрсдөө хяналт тавихад хүрсэн. Энэ бол дохио. тэд бидэнд итгэж мөнгөө өгч байхад түүнийг нь гарын салаагаар урсгаж, тогломооргүй байна.

Засгийн газрын мэдээ

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.