2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, БОЛОМЖИТ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОСЛУУЛАН ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

 

Авлигатай тэмцэх газраас Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхлэх С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Монгол, Хятад хоёр улсын тээврийн хэлэлцээрийн дагуу тогтоогдсон квот болон уурхайгаас ирсэн саналыг үндэслэн улс хооронд тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгийг олгоход хилийн татан авалт болон замын нөхцөл байдал бодит байдал дээр ачааллаа дийлэхгүй өрсөлдөөн их байна. Тиймээс эрэлт хэрэгцээ болон боломжит нөхцөл байдлыг хослуулан хэрхэн оновчтой байдлаар шийдэх, ямар баримт бичиг, дүрэм журам стандарт, шаардлага тавих зэргийг тодорхой болгох нь чухал байгааг албаныхан хэлж байна. 
Тухайлбал, нэг талаас төрийн захиргааны болон хяналтын байгууллага зөвшөөрлийн бичиг олголтын асуудалдаа хяналтаа сайжруулах, шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тавьдаг ч, нөгөө талаас тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон тээвэрлэгчдэд энэ нь шаардлага өндөртэй, хүнд суртал болж тусах нөхцөл байдал үүсдэг. Тиймээс авлига ашиг сонирхлын зөрчилгүй, зөв зохион байгуулалтад оруулах, оновчтой хувилбар, гаргалгааг хамтран гаргаж, асуудлыг ил тод, тодорхой болгосноор бүхий л түвшиндээ хүндрэл үүсэхгүй байх боломж бүрдэнэ гэдгийг АТҮТ-ийн удирдлагууд онцоллоо. Мөн албан тушаалтан авлига, ашиг сонирхол үүсгэсэн асуудал байвал хууль хяналтын байгууллага тодорхой мэдээлснээр ил тод, ойлгомжтой, хардлага сэрдлэггүй үйл ажиллагаа явуулахаас гадна болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран хэлж байв.

 
 
 
 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.