2024 оны 11 сарын 12
Мэдээ, мэдээлэл
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

      Ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу дөрөвдүгээр сарын 30-нд ХНХЯ, түүний харьяа байгууллагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн салбарын байгууллагууд Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм байна.

            НҮБ-ын гишүүн 187 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ нь хөдөлмөр, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтэц бүхий байгууллага билээ. Энэ онд 100 жилийнхээ ойтой золгож буй ОУХБ-д Монгол Улс 1968 онд элссэн. Гишүүн орны хувьд Монгол Улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд  тус байгууллагын суурь наймыг оруулаад 20 конвенцид нэгдсэн байдаг юм.             

            Мөн энэ онд Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллага бий болсны 60 жилийн ой тохиож байна. 1959 оны тавдугаар сарын 20-нд тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 199/189 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний товчоо гэж байгуулсан нь Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндэс суурь гэж үздэг.

            Эдгээр түүхэн ойг тэмдэглэх хүрээнд ХНХЯ-наас иргэд, олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг” гэдгийг Г.Өнөрбаяр дарга мэдээлэлдээ онцлон дурдаад өдөрлөгийн үеэр ХНХЯ, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэж буйг дуулгалаа.

      Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ, Цагдаагийн ерөнхий газар, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл  оролцох юм байна.     

Сүхбаатарын талбайд зохион байгуулах нэгдсэн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.

Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.  

Өдөрлөгт ажлын байрны санал бүхий 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн бирж оролцож ажил зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжил, ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд иргэдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгуулж, иргэдэд нэг цонхны үйлчилгээгээр зөвлөгөө, лавлагаа өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх юм байна. Тиймээс тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байгаа бол өдөрлөгийн үеэр шийдүүлэх боломжтой гэнэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг олон арга хэмжээ нэг дор болно. 

Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх мэдээлэл зөвлөгөө шаардлагатай байгаа бол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  сургалт зохион байгуулах ААН, ТББ мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө хэрэгтэй бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд ажиллаж шаардлагатай бүхий л мэдээллийг өгч үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг зохион байгуулагчид дуулгаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.