2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
М.Энхсайханыг үргэлжлүүлэн саатуулахаар болжээ

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хянан хэлэлцээд:
М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулахад, 4-р сарын 23-нд М.Энхсайханд холбоогдох шүүх хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 5-ны өдөр хийхээр болсон билээ. Шүүх хурал хойшилсонтой холбоотой цагдан хорих саналыг прокурорын зүгээс тавьсан. Тиймээс дараагийн хурал болох хүртэл М.Энхсайханыг хориод байсан юм. 

Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээлж байсан билээ. 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

http://dorgio.mn/p/117587

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.