2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Халтмаагийн Баттулга: Нэгдэн нягтарсан Монгол Ялна

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД

АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ

ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хэнтий аймаг.

2017 оны 6 дугаар сарын 6

Монголчуудаа,

Ахан дүүсээ,

 

 Мэргэн сонгогчид оо!Үеийн үед Монгол Улсын үндэс язгуур, эзэн сүлд нь болсон Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Эзэн Чингис хааныхаа өлгий нутгаас сонгуулийнхаа сурталчилгааг ийнхүү эхлүүлж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын минь тусгаар тогтнол, газар шороо, монгол хүн бүрийн сайн сайхан ирээдүй бол миний сэтгэл, оюуны эх ундарга, эрчим хүчний дуусашгүй эхлэл юм. Та бүхний итгэл, дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантаршгүй байх болно.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй сонголтын уулзварт биднийг авчирлаа. Туурга тусгаар, эрх чөлөөт улсын иргэд байх уу, 27 жилийн өмнөх гашуун түүхийг давтан бусдаас эдийн засаг, улс төрийн хэт хамааралтай, дагуул улсын гачлант иргэд байх уу гэдгээ шийдэх хүнд хэцүү сонголтыг хувь тавилан, цаг үеийн сорилт бидэнд тулгаж байна.

Хүн гүрний үеэс омог бардам, хүчирхэг түүхээ бүтээж, эрх чөлөөг эрхэмлэн ирсэн чин зоригт өвгөдийн удам гэдгээ бид цаг үргэлжид санаж явдаг. Эх оронч дээдсийнхээ Та бидэнд халуун амь, бүлээн цусаараа өвлүүлж үлдээсэн Тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах, хөгжил дэвшлийн тулгуур болгохын төлөө чадах бүхнээ зориулан тэмцэхээ Та бүхнийхээ өмнө би андгайлж байна.

Миний хүсэл бол монгол хүн бүрийн хүсэл юм. Өнөөдөр эрх чөлөө, Тусгаар тогтнолоо баталгаажуулж, эдийн засгаа бэхжүүлэх цаг үеийн сонголт, ард түмний даалгавар надад оногдлоо. Би түмэн олныхоо итгэлийг хөсөрдүүлэлгүй, Тусгаар Монгол Улс, эрх чөлөөт монгол хүний төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж байна. Улс оронд төрийн завхрал, эдийн засгийн уналт нүүрлэж, ард иргэдийг хавчин туйлдуулж байна.

Ард түмэндээ сонгуулиар өгсөн сайн сайхан амлалтаасаа сонгогдсоныхоо маргааш л гэнэтхэн ухарч, амлалтынхаа эсрэг зүйлсийг хуульчилж, улс орныхоо эдийн засгийг харийнхны мэдэлд шилжүүлж байна гэдэг бол энэ төр улсаа боддоггүй, шударга ёсыг завхруулж байгаагийн шинж.

Иргэдээ "их өр”, "зээлийн дарамт” гэх хоосон айдсаар айлгаж сонгогдсон эрх баригчид одоо тэр айдсаа өөрсдөө жинхэнэ утгаар нь бүтээж, улс орноо дааж давшгүй өрийн барьцаанд оруулж байна.

Төрийн алба тэр чигтээ авлигад идэгдэж, зөвхөн нийслэлд гэхэд 60 тэрбумаар албан тушаал худалдаж авсан хүмүүс МАН-д тушаасан мөнгөө эргүүлэн олж авахаар улайрч, ард олны халаасыг тэмтэрч буйгаас олон нийтийн эрх ашиг үнэгүйдэн, төрд итгэх итгэл үгүй болж, Ардчилсан хувьсгалаар олж авсан улс төрийн бүрэн тусгаар тогтнол хэврэгшиж байгааг иргэд халаглан ярьж байна.

Үнэндээ бол МАН-аас хамааралтай нэг ч нааштай өөрчлөлт гараагүй. Харин ч эсрэгээр ард түмний нуруун дээр 7 төрлийн татварын дарамт буусан, 7 сарын 1-нээс шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдснээр асар олон монголчууд ажилгүй болох гэж байна. Тэдний ажлын байрыг гаднаас авах зээлийн шахаанд ирэх гадаад ажилчид эзлэх гэж байна. МАН бүтэн жил эрх барих хугацаандаа эдийн засгийн таатай, нааштай гадаад боломжууд гарсныг овсгоотойгоор ашиглахын оронд амарчилж, бэлэнчилж, зээл тусламжид л найдаж сууна.

Бид хэн нэгэнд хэт найдаж хамаг зүйлээ даатгаж хэрхэвч болохгүй. Биеэ даасан, өөрийн бодлоготой байж өрсөлдөөнд тэсч үлдэнэ.

МАН-ын 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцсан, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдох үг, үйлдэл гаргасан хэргийг шалгаж, үнэн мөнийг тогтоохоос хууль бусаар зайлсхийсээр байна. Нэмэлт нотлох баримт, гэрч гаргаж өгье гэж хэлээд ч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зүтгэсээр байгаа тухай мэдээ гарч байна. Энэ бол Монголын төр бүхэлдээ ялзран доройтож байгаагийн ноцтой шинж тэмдэг.

Ард түмэн энэ цаг мөчийг алдалгүй иргэдийн хяналтыг тогтоох, улс төрийн луйврыг хазаарлан, Үндэсний аюулгүй байдлыг ноцтой түвшинд очихоос сэргийлэх шаардлага тулгарч байна.

Би сонгуулийн сурталчилгааны нээлт дээр өөдрөг дэврүүн, омогшил огшил төрүүлэх зүйлс ярьж чадахгүй нь. Гашуун ч гэсэн үнэнийг хэлэх цаг болсоон. Хоосон магтаал, хийрхэл ярих цаг одоо биш. Олон бүгдээр үнэнийг хэлэлцэж, бодит байдалд дүгнэлт өгч, гарц хайж, өвчилсөн төрийн үнэн төрхийг эмчлэх цаг болсон.

Туурга тусгаар улс л юм бол Монголын Төр өөрийн хөгжлийн бодлого, төсөөлөлтэй, хөтөлбөртэй байх ёстой. Энэ бол миний хатуу итгэл үнэмшил. Бид хөршүүдтэйгээ удаан хугацааны эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө ажиллана. Гэхдээ бусдын төлөвлөгөөгөөр улсаа хөгжүүлнэ гэдэг хатуу хэлэхэд мунхаглал юм.

Монголчууд Хөгжлийн бие даасан бодлоготой болохын төлөө би элдвээр хэлүүлж, санаачилсан бүтээн байгуулалтуудаа гацаалгаж, хардагдаж, сэрдэгдэж, муучлуулж, гутаалгаж, доромжлуулж ирсэн. Би шантрахгүй. Би амаараа биш ажлаараа Монголын төлөө, монгол хүний сайн сайхны төлөө зүтгэдгээ хангалттай харуулсан. Чухамдаа гучхан гэр бүлийг тэжээдэг Монголыг биш, 3 сая гаруй иргэдээ дэмждэг монголыг бүтээхийн төлөө би нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Монгол хүнийг ажилтай, орлоготой байлгахын төлөө хувийн хэвшилд би тууштай зүтгэсэн. Монгол хүн ажил хийж чаддаг, бүр маш сайн хийж чаддаг гэдгийг би яс махандаа тултал мэдэрсэн.

Монголын нэрийг дэлхийд дуурсгахыг би мөрөөдөж зүтгэсэн. Авьяасыг нь зөв дэмжвэл аавын хүү, ээжийн охид Монголоо дуурсгаж чаддагийг би харсан. Олимпийн тэнгэрт Монголын далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэх нь Тусгаар тогтнолын бахархалт мөч, монголчуудын нэгдэн нягтрах гайхамшигт агшин болохыг би ард түмэнтэйгээ хамт амссан.

Монголын хөгжлийг монголчууд л бүтээнэ гэж би зорьж зүтгэсэн, төслүүдээ боловсруулсан, төлөвлөснөө эхлүүлсэн. Харамсалтай нь, гаднаас бүрэн хамааралтай улс төр-бизнесийн бүлэглэл гацаасан, гутаасан. Сайншандад Аж үйлдвэрийн төв босчихсон бол, Шинэ төмөр зам тавигдчихсан бол, Шинэ сумын төв цаашид үргэлжилсэн бол хөдөөгийн иргэд тав тухтай амьдарч, хот нь түгжрэлгүй утаагүй, улс нь хөгжлийнхөө замд ашиглах орлоготой болох нь нэн тодорхой байлаа. Энэ бүхэн улс төр-бизнесийн бүлэглэлд таалагдаагүй юм. Тэд одоо ч Монголын замд саад болохоор анаж, энэ сонгуулийн үр дүнг өөрсдийнхөө атгаг санаархлын золиос болгохоор хуйвалдаж, бүлгэмдэж байгаа нь түрүүчээсээ тодорхой болсон.

Энэ хугацаанд би нэг л зүйлийг ойлгосон. Дээрээ л болохгүй байна. Надад ард түмэн ажил хийх боломж олговол би үүнийг засч чадна. Дээрээ болохгүй байгааг л засчих юм бол угийн хийморьтой ард түмэн босоод, сэргээд ирнэ. Ерөнхийлөгчийн ажил бол миний хувьд албан тушаал өгсөх шат гүүр биш, энэ бол ард иргэдийнхээ төлөө илүү их зүтгэх, томыг бүтээх, ихийг цогцлоох боломж гэж харж байгаа.

Надад бодитой мөрийн хөтөлбөр бий. Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлт мөрийн хөтөлбөр минь та бүхний гар дээр очиж байгаа. Надад улс үндэстнээ сэргээн мандуулах их эрмэлзэл, тэмүүлэл бий.

Тийм учраас би энэ сонгуульд "Монгол ялах ёстой”, "монголчууд ялах ёстой” гэж хэлээд, уриалаад байгаа юм. Нэгдэн нягтарч чадваас Монгол Улс маань үсрэнгүй хөгжилд ойрхон байгааг би мэдэрдэг, омогшдог. Нэгдэн нягтарсан түүх бүртээ бид ялж байсан юм. Дэлхий мэднэ ээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 1946 оны 10 дугаар сарын 20-нд явагдсан Тусгаар тогтнолын төлөөх монголчуудын санал хураалттай тун ижил нөхцөлд болох гэж байна. 72 жилийн өмнөх тэр бахархалтай өдөр монгол хүн бүр эх орноо ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС хэвээр байхыг дэмжиж байгаагаа нотлон харуулсан түүхэн өдөр юм.

72 жилийн өмнө эцэг, эх, өвгөд дээдэс маань хэдий ядуу буурай байсан ч мянга мянган жилийн омог бардам, дайчин түүхээ сануулж, Монголчууд нэгдэн нягтарсан түүхэндээ үргэлж ялан дийлж байсныг ахин нотолсон билээ. 1990 онд ч монголчууд нэгдэн нягтарч нийгмээ өөрчилсөн, бүрэн тусгаар тогтнолоо олж авсан. "Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж өвгөд дээдэс маань бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг эрхэмлэн нандигнаж явахын утга учрыг сургаж ирсэн юм.

Өнөөдөр та бидэнд дахин нэгдэн нягтарч, бидний үр хүүхдүүд, бас тэдний үр удамд өвгөдөөс үлдээсэн Монгол газар шороон дээр толгой өндөр, нүүр бардам, эрх чөлөө дүүрэн эрх төгс амьдрах нөхцөлийг Эдийн засгийн тусгаар тогтнолоор ахин баталгаажуулах шаардлага тулгарч байна. Сайхан Монгол орныхоо тогтвортой хөгжлийн найдвартай суурийг бүтээж, аз жаргалтай сэтгэл хангалуун аж төрөх монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг дархлан баталгаажуулахын төлөө ахин нягтарцгаая!

Нэгдэн нягтарсан цагтаа монголчууд хэчнээн ч их мөнгө, ямар ч том луйвар, хамгаас өөдгүй урвалт шарвалтыг ялан дийлэх хүчтэй. Ихэнх хэвлэл, бүх мөнгө эрх баригчдын төлөө ажиллах гэж байна. Ийм их хүчийг даван туулж, ялан дийлэхийн тулд монгол хүн бүр нэгдэн нягтарч, бүхий л хичээл зүтгэлээрээ сонгуульд оролцох шаардлага тулгарлаа. Хар хүчийг давахын тулд бүгдээрээ эв саналаа нэгтгэе, сонгуульд онцгой хариуцлагатай, идэвхтэй оролцъё. Өчүүхэн төдий гуйвах, эргэлзэх нь нь Монголын хойчийг сэвтээнэ.

Монголын заяа их, монгол хүний ухаан уужим, сэтгэл цэлмэг. Монгол гэх гайхамшигт эх орныг бидэнд өгсөн өвөг дээдсийнхээ гэгээн үйлсийг үргэлжлүүлж, Монголын төлөө монголчууд намайг дэмжинэ, Монгол ялахын төлөө нэгдэн нягтарна гэдэгт би бүрэн итгэж байна.

Халтмаагийн Баттулга миний бие ард иргэдийнхээ амьдралын гүнд байж, санаа бодол, хүсэл эрмэлзлийг нь эрхэмлэн дээдэлж, таны дотны хамтран зүтгэгч, Хүчирхэг Монголыг бүтээх иргэдийн түүчээ байж, алд биеэ алжаахыг умартан зүтгэх болно гэдгээ та бүхний өмнө дахин тангараглая. Нэгдэн нягтарсан МОНГОЛ ЯЛНА!

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.