2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Үндэсний үзэл үү, Үндсэрхэг үзэл үү

“Би эх орондоо хайртай. Монгол хүн болж төрсөндөө хязгааргүй бахархдаг. Тэглээ гээд үндсэрхэг үзэлтэн болохоо тунхаглаж цээжээ хоосон дэлдэхгүй байх юмсан” гэж чармайх болов. Учир нь эх оронч хүн гэдгээ төдийгүй ижил хүйстэн гэдгээ ч нийтэд илчлэхэд гайхахааргүй болсон чөлөөтэй нийгэмд үндсэрхэг үзлийг дэвэргэж, Чингис хааныг нохойд барьдаг мод шиг ашиглах хэцүү биш ээ.

Ойворгон хийрхэгчид бус ул суурьтай үндэсний үзэлтнүүд эх оронд маань үгүйлэгдэж байна. 

Харин нэг гүрний шууд хараат төдийгүй түүх, шашин, соёлын сэдэв туйлын хаалттай асан цаг үед өөрийн албан тушаал, нэр хүндээ “авслан” байж Эзэн Чингис хааныхаа 800 жилийн ойг тэмдэглэж, Дэлүүн болдогт Чингис хааны гэрэлт хөшөөг зориглон босгосон Дарамын Төмөр-Очир агсан шиг, мянгантаа хавчигдан хэлмэгдсэн эх хэл, түүх соёл, үндэсний үзлийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан Бямбын Ринчен шиг, Чингис хаан гэж чангахан дуугарахад л улс төрийн хэрэгт унах эрсдэлийг ч үл тоомсорлон “Чингис” шүлгээ тэрлэсэн Дэндэвийн Пүрэвдорж абугай шиг үлэмж зориг, их эрсдэлийг үүрч чадах байсан уу гэдгийг өөрөөсөө асуух бүртээ хоосон бахархал омогшлоос зайлсхийх болсон билээ. 

Өөртөө дэвшүүлэн тавьсан дээрх зорилт маань өнөөгийн нийгэмд хэрэгжихэд гэвч ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг нь улам бүр анзаарагдах болов. Одоо цагийн түг түмэн эх орончид, цөс ихт үндсэрхэг үзэлтнүүдтэй хөл нийлүүлэн алхаж, дуу хоолойгоо нэгтгэн уухайлахгүй бол элдвээр чичлүүлнэ. Хөл нийлүүлэн алхаж, дуу хоолойгоо нэгтгэдэггүй юм аа гэхэд адаглаад тэдний тухай сөрөг хандлага бүхий байр суурь илэрхийлэхгүй байх ёстой. “Гадныхныг үндсэрхэг үзлээр далайлган хөөж туудаг бус, хөрөнгө босгож, улс орондоо доллар авчирч чадах хүн л жинхэнэ эх оронч” гээд хэлчихвэл сонголтгүй хужаагийн эрлийз болчих жишээтэй. Товчхондоо монголчууд бид өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэн, эрлийз гэж хоёр ангилж болохоор болж. Ярьж хэлж, баримталж буй үзэл бодол нь өөрт огт таалагдахгүй байгаа хэн нэгний гарал угсааг шууд л “дотор газрынх” болгочихно, их амархан. Ард түмэн ч хэн нэг улстөрчийг эрлийз хэмээн илчлэн цоллоход их дуртай.Үндсэрхэг үзэл гэдэг барилгын хятадуудыг, авто засварын вьетнамуудыг үзэн ядаж, гаднын хөрөнгө оруулагчдыг сайнтай, муутай цөмийг нь цөлмөгч гэж хардахын нэр даанч биш. Үндсэрхэг үзэл бол бусад бүх үндэстнээс өөрсдийгөө хэт дээгүүрт өргөмжлөх, тухайн үндэстний хэт ноёлох, бусдаас дээгүүр гэсэн үзлийг дэврээн түүгээрээ өдөөгдөж улс үндэстнээ сэргээж босгодог хөдөлгүүр, зүйрлэвээс вирусын эсрэг программ лугаа үндэстний дархлаа болдог байлтай. Харамсалтай нь өнөөгийн Монголд үндсэрхэг үзэл цэвэрхэн нэртэй шантаажны бизнес, ард түмнийг өдөөн турхирах улс төрийн популист арга төдийхөнд ашиглагдсаар буй нь харамсалтай. Ерөнхий утгаараа нэг агуулгатай мэт боловч үндэсний үзэл гэдэг үндсэрхэг үзлээс эрс ондоо ухагдахуун. Эх оронч, үндэс угсаа, үндэсний өв соёлоо дээдлэх, газар нутаг, байгаль орчноо хамгаалах, үндэсний хууль тогтоомжоо дагаж мөрдөх, зан заншил, ахуй амьдралаа хадгалах, хамгаалах чин зүрх сэтгэл гээд л маш өргөн цар хүрээг хамарна. Ингэж хоёр хуваан, харьцуулж үзвэл Монголд үндэсний үзэлтнүүд нь их болов уу, үндсэрхэг үзэлтнүүд нь олонхи болов уу? Чухамдаа хэн нь хэнээсээ олон бэ гэдгээс илүүтэй, үндэсний үзэлтнүүд нэмэгдвэл улс оронд ашиг тустай юу? Үндсэрхэг үзэлтнүүд олширвол тустай юу гэдгийг нэг сайн эргэцүүлэн бодох цаг болсон мэт. 

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал Монголын ард түмэнд, үндэсний түүх, үндэсний өв соёл, үндэсний бичиг, үндэсний үзлийг эргүүлэн өгсөн. Гэвч 70 гаруй жил ноёрхсон түүхийн хар нүхнээс гарч, гэрэлд дасах амаргүй. Үүнээс үүдэн гажуудал, хэт туйлшрал газар авах нь сайн зүйлийг ёс мэт даган ирдэг төлөөс. Горыг нь одоо амсч байна.

Анзаарвал бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан улс орон гэдэг шигээ Монголын түүхийг мэдэхгүй нэг ч хөх толботонгүй болчихож. Бултаараа л “Монголын нууц товчоо” судлаачид. “Бөртэ чоно, Гоомарал хоёр тэнгис далайг гаталж ирсэн үү, гэтэлж ирсэн үү” гэдгээс л олон ургальч үзэлт сошиал ертөнцийн түүх судлаачдын маргаан эхэлнэ. Бичээст дурдагдсан тэнгис далай нь Номхон далай юу, Байгаль нуур уу гээд л цааш нарийн задарна. Энэ бол манай агуу их мэдэгчдийн цэцэрхлийн дөнгөж эхлэл нь. Мэдлэгийн их шөргөөцөлдөөн даамжирч бүр Алунгоо эхийн отчигин хүүд эцэг тогтоох шинжилгээ хийгээд тогтоочихно. Түүгээр ч зогсохгүй Зүчи хэний хүүхэд болох тухай мэтгэлцээнд Бөртэ Үжин хөр цасан дээр шингэн мөр гаргасныг хүртэл эш татан мэдэмхийрнэ. Гэвч харамсалтай нь энэ их мэдлэг нь ном сударт тулгуурласан үнэний мэдлэг үү, үзэж харсан түүхэн кинонуудынх нь эвлүүлэг сценүүд үү гэдэг эргэлзээтэй. Улс үндэстнийхээ уг гарвал, эх түүхийг мэдэх гэж, мэдүүлэх гэж оролдоцгоож байгаад буруу өгөх учиргүй. “Монголын нууц товчоо”-г гүйлгэж уншчихаад мэдэмхийрэх нь байтугай “Монголын нууц товчоо” ч гэж, Чингис ч гэж дуугарах эрхгүй байсан балар үетэй харьцуулахад ингээд байж байгаа нь яалт ч үгүй том дэвшил байж болох ч өчнөөн үе, хэдэн зуун алгасан байж Чингис хаан, Их Монгол гүрний тухай цэцэрхэх авч бидний хэд нь дээд долоон үеээ нэрлэж мэдэх вэ? Өөрөө чухам хэний овог удам болох, өвөг эцэг, элэнц, хуланц нь хэн гэдэг ямар угсаа гарвалтай, ямар нэртэй овог аймгийн хүн болохоо ч мэдэхгүй яваа хэрнээ “Би үндсэрхэг үзэлтэн, би монгол цусаа цэврээр нь хадгална” гэж ямар нүүрээрээ “омогшиж” чадах билээ. Тэр тусмаа өрөөл бусдыг хольцтой цустай гэж амныхаа зоргоор дорд үзэгчид өөрсдөө өвөөгөөсөө дээш үе удмаа мэдэх болов уу.

Өөрийнхөө үндэс угсааг ч сайн мэдэхгүй хэр нь фашизмыг сурталдах гэдэг өөрөө үндсэрхэг бус алхам гэлтэй. Тиймээс цээж тэнүүн, итгэл дүүрэн “Монголоороо омогших”-ын тулд адаглаад Үндэсний архивын газарт сууж удам угсаагаа ухаж мэдэх хэрэгтэй юм шиг. Архивын бичиг баримтыг уншиж судлахын тулд монгол бичгээ мэддэг байх зайлшгүй шаардлага тулгарна. Ингээд бодохоор жинхэнэ үндсэрхэг үзэлтэн болон төлөвших “Хүн алж болохгүй. Хужааг алж болно” гэж гудамж талбайн хананд вандализм эрээчих шиг хялбархан биш ээ.

Ойворгон хийрхэгчид бус ул суурьтай үндэсний үзэлтнүүд эх оронд маань үгүйлэгдэж байна. Энэ л эмзэг цэгийг олж харан Ерөнхий боловсролын сурагчдад үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зарлиг гарган санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчид монгол хүмүүн болж төрснийхөө хувьд түмэнтэй талархмаар... Үндэсний үзэл, үндэстний үнэт эрхэм чанарыг дээдлэх сэтгэлгээг бага балчраас нь ингэж суулган төлөвшүүлдэг болохоос биш хоосон хийрхэж, өдөөн турхирснаар болгочихдоггүйг бодит үр дүн батлах биз.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.