2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Давсаа цацах уу, дарга аа

Намар шиг налайж байсан дулаан өдрүүд ард хоцорч, жавар тачигнасан өвлийн өдрүүд эхэллээ.

Хэд хоногийн өмнөөс л цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хөвөрч, иргэд олон нийтийг байгаль цаг уурын болзошгүй аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж хөдөө хол замд гарахгүй байхыг, хүүхдийг ганцааранг нь орхихгүй байхыг албаныхан зөвлөсөн. Нийслэлчүүд биднийг өнөөдөр цас бударсан жиндүүхэн өглөө угтаж, “одоо л жинхнээсээ өвөл болчихлоо” гэх яриаг өрнүүллээ.
 
Цас их орсны улмаас үүсдэг хамгийн том асуудал бол халтиргаа, гулгаа, түүнээс үүдсэн замын хөдөлгөөний удаашрал. Үүнээс улбаалан иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, замаа цэвэрлэж, давс, бодисоо цацсангүй хэмээн Нийслэлийн Засаг даргыг шүүмжлэх нь бий.  
 
Тэгвэл өнөө жил нийслэлийн иргэдийг халтиргаа гулгаагүй замаар зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд, авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна
 
2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр давс, бодис нөөцлөх төлөвлөгөөтэй байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дара Т.Гантөмөр хэлж байсан.
 
Түүнчлэн нийслэл хотын хэмжээнд цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор жил бүр тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг. Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан байдаг.
 
Иймд Тээврийн цагдаагийн албанаас дүүргүүдийн тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний газар болон бусад холбогдох газруудад замын хальтиргаа гулгааг арилгах элс, давс, бодисын нөөц, цэвэрлэгээний үед ажиллах хүн хүч, техникийн байдалд үзлэг шалгалт явуулахад нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд элс 80 тн, давс 765 тн, бодис 872 тн нөөцөлсөн нь хангалтгүй, хүрэлцэхүйц биш хэмжээ гэж үзжээ.
 
Давс, бодисоо олигтой цацсангүй гэж албаныханд бурууг тохох биш жолооч нар ч хариуцлага, үүргээ ухамсарлаж автомашины өвлийн бэлтгэлийг базаах нь чухал.
 
Мөн цас их орсны улмаас  мөсөн бүрхүүлд автаж, хатуурсан цас овойж, хөлдөх нь бий. Эл замаар зорчиход автомашины дугуй амархан элэгддэг, зам тээврийн осолд нөлөөлөх гол хүчин зүйл болдог гэх яриа ч байдаг. Ийм нөхцөл байдал үүсхээс урьтаж давс, бодисоо эртхэн цацаж, энэ өвлийг мөргөлдөөн, маргаангүйгээр давах нь зүйтэй. 
 
Г.Сүрэн
http://www.shuud.mn/a/503621

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.