2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Жижиг тойргийн том “тулаан”

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль улс төрийн намуудын хувьд алдах юм үгүй ч азаа үзэж шоо орхих том боломж олгож байна. 2020 оны сонгуулийн заяа төөргийг зурж, намууд ард түмнийхээ үнэлэмжийн альхан хэсэгт нь явааг зурж гаргах зурхай нь Хэнтийн сонгууль. Ийм болохоороо улс төрийн хүчнүүд том жижиг, толгой сүүл гэхгүйгээр бүгд л  энэ тойргийг онилж, овоо хараагаа тааруулж буй аж. Тэгэхээр энэ багахан тойрогт том тулаан болох зураг тодорч эхэллээ.

Өчигдөр МАН-ын II Бага хурал хуралдаж, тус тойрогт нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эрхмийг тодруулна” хэмээн тус хурлын зорилгыг тодорхойллоо.

МАН-ын хувьд энэ тойрог суудал нэмэхээсээ илүүтэй агуулга болон зорилго илэрхийлэл талаасаа “стратеги”-ийн” ач холбогдолтой.

Мөн АН-ын ҮБХ-ны IV хуралдаан Төрийн ордонд хуралдаж УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байна. Ийнхүү парламентад суудалтай ах намуудтай дуу дуугаа авалцаж  улс төрийн бусад намууд ч 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байна.

Тухайлбал, 2016 оны сонгуулиас хойш байгаа үгүй нь бараг мэдрэгдэхээ больсон ИЗНН өнгөрсөн амралтын өдөр ИЗНН-ын Үндэсний хороо Төр хурахын аманд хуралдаж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Ийнхүү тус нам оршин буйгаа илэрхийлж, Монголын нийгэмд  үгүйлэгдэж байгаа улс төрийн гурав дахь хүчний орон зайд дуу хоолойгоо 2020 оны сонгуулийн өмнө дахин нэг сонсгоё гэж шийдэв бололтой.  

Өөр нэг амбицаа илэрхийлж буй улс төрийн залуу хүчин гэвэл “Үнэн ба зөв” хэмээх нам. Тус намын Төв хороо өчигдөр буюу  08 дугаар сарын 06 ны өдөр хуралдаж, Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Энэ намын тухайд товчхон тодруулахад Нарантуул олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуугийн нэр устай холбогдож яригддаг бөгөөд эл эрхмийн хувьд цахим орчинд үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж байгаа. Нэгэнт тус нам 42 дугаар тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн болохоор тэнд нэр дэвшигч нь Ш.Сайхансамбуу байх магадлал бараг 100 хувь байж таарах болов уу.

Бусад намууд албан ёсны шийдвэрээ одоогоор хараахан гаргаагүй ч МАХН-аас эхлээд Хэнтийг хэзээнээс онилсон улс төрийн хүчин бий. МАХН-ын хувьд О.Баасанхүү Н.Энхбаяраас нүүр буруулж, зүс ондоошсон болохоор УИХ-д суудалгүйтэй адил байгаа. Н.Энхбаярын улс төрд эргэн ирж,  хуучин хамуудтайгаа “тооцоо бодох” хамгийн ойр орох хаалга нь 42 дугаар тойрог. “Долоо буудуулсан энэ  хашир чоно” эргэн ирвэл улс төрийн өрнөл таахын аргагүйгээр эргэж мэднэ.

Тэр саяхан Хэнтий аймгийн тугийг Алтай Таванбогдын орой дээр залж аравнайлсан нь аргагүй л эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтаж байгааг харуулав.

Хэнтийн тойргийн  суудал ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг ийнхүү үнэд орж эхэллээ. МАН-ын хувьд энэ тойрог суудал нэмэхээсээ илүүтэй  агуулга болон зорилго илэрхийлэл талаасаа  “стратеги”-ийн” ач холбогдолтой. Учир нь тус тойрог эрх баригч МАН-ын хувьд бүр ч олон зүйлийн учиг зангилааны уулзвар болж байгаа юм. Энд хэн нь хэнийгээ вэ гэсэн дотоод зөрчил ч тусгалаа олно.

Улс төрд урвуулж хөтлөөд явсан залуу нь муу нэртэй луу данстайгаар хууль тогтоох байгууллагыг хугацаанаасаа өмнө  орхиж байгаа нь МАН-ын хувьд “ичмээр дамшиг” гэгч бөгөөд эргээд сонгогчдын нүүрийг харахад халуухан явдал болж байгаа нь тодорхой.  Зүй нь энэ нам сонгогчдоос уучлалт гуйгаад  хариуцлагаа хүлээж, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн бол намынх нь  нэр хүнд  рейтингэд  нэмэх оноо авчрах байсныг үгүйсгэмгүй мэт.

Гэтэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр “Манай намын тухайд энэ тойрогт ялах бүрэн боломжтой” хэмээн мэдэгдлээ. Эндээс харвал нэр дэвшүүлнэ, бүр ялна гэсэн итгэлтэй байгаа аж. Тус тойрогт МАН-аас өрсөлдөх хамгийн боломжтой  хоёр хүний нэр яригддаг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар.  Харин У.Хүрэлсүхийн хувьд нэр дэвшихгүй гэдгээ албан бусаар илэрхийлсэн удаатай. Нэр дэвшээд очлоо гэхэд Д.Гантулгын зүггүйтэлийн хариуцлагыг түүнээс түрүүлж нэхнэ.  Ерөнхий сайдын хувьд тэнд очиж тэгж гэнэдэхгүй байлгүй дээ.

Энэ тойрогт МАН ялалт байгуулбал У.Хүрэлсүхийн намын дарга болоод намдаа авчирч буй  анхны ялалт болно. Хэрэв ялагдвал тун таагүй эхлэл болох төдийгүй энэ энерци 2020 оны сонгууль хүртэл хадгалагдаж, Засгийн газрын дээр хуралдаж буй үүлнээс аянга буух шалтгаан болж мэдэх юм. Өөрөөр хэлбэл МАН-ын хувьд ялагдах эрхгүй сонгууль болох гэж байна.

Харин бусад намуудын хувьд энэ нөхөн сонгууль илүү зугаатай байж мэдэх л юм. Халгаж бэргэх зүйлгүй, сонгогчдын сэтгэл шийдэлд хүрэх зам нь илүү төвөг багатай гэхчлэн.

Хэнтийн 42 дугаар тойрог бол 10 гаруй мянган сонгогчтой, товчхондоо  жижгэвтэр тойрог. Гэхдээ энэ тойргийн нөхөн сонгуульд одоогоор мэдэгдэж байгаагаар лавтайяа таван намын нэр дэвшигчид өрсөлдөнө. Цаашдаа хэд ч болж нэмэгдэж магадгүй.  Жижигхэн тойргин том “тулаан” энд болох нь.

М.Нэргүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.