2024 оны 10 сарын 09
Мэдээ, мэдээлэл
ИРГЭД: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нь ЗӨВ

Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, зорилготой Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 2015 оны долдугаар сарын 9-ны өдөр баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр  хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулийн ачаар иргэд худалдаж авсан барааныхаа баримтыг бүртгүүлээд хааяадаа  нэг сугалаанаас 20, 50 мянган төгрөг хожчихдог. Мөн жилийн эцэст нийт бүртгүүлсэн дүнгийнхээ хоёр хувийг авдаг болсон.

Гэтэл сүүлийн үед НӨАТ-ын сугалаатай холбоотой иргэдийн гомдол тасрахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, "Гурван жил баримт бүртгүүллээ. Нэг ч удаа азтан болсонгүй. Азтан болсон боловч мөнгө дансанд орохгүй байна. Өндөр мөнгөн дүн хожиж байгаа хүмүүс нь ихэвчлэн НӨАТ-ын сугалаатай хамаарал бүхий хүмүүс байна" гэх иргэдийн гомдол тасардаггүй юм байна лээ.

Тэр ч утгаараа олон нийтийн сүлжээнд "Хар дагуулсан НӨАТ-ын сугалаагаа зогсоож, НӨАТ-ын буцаан олголтыг хоёр биш тав юм уу арван хувь болгоё" гэх санал ихээр дэмжигдэж, олны анхаарлын төвд байсаар байна. 

Тиймээс бид энэ талаарх иргэдийн байр суурийг сонслоо.

Д.Ичинноров: Би НӨАТ-ын сугалаанд огт итгэдэггүй

-Би НӨАТ-ын сугалаанд огт итгэдэггүй. Угаасаа хожиж ч үзээгүй. Ард түмнийг бүгдийг нь тэнэг гэж боддог юм шиг байгаа юм. Угаасаа хэн ч харсан ойлгомжтой. Танил тал, ах дүүгээ харсан юм л яввагдаж байгаа нь илт байна. Тиймээс тэртэй тэргүй өөрсдийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хоногийн хоолоо залгуулж байгаа иргэддээ буцаан олголт хэлбэрээр хоёр хувийг нь ядаж 5 хувь болгоод өгчих хэрэгтэй гэж бодож байна. 

Б.Атарцэцэг:  Өндөр дүнтэй сугалаанууд нь ядарсан иргэддээ хүрч чаддаггүй

-НӨАТ-ын сугалаа огт хэрэггүй юу гэвэл бас үгүй. Яагаад гэхээр эндээс 20, 30, 50 мянган төгрөг гээд бага гэлтгүй мөнгө хожиж байгаа хүмүүс байгаа. Би ч гэсэн хожиж л байсан. Гэхдээ өндөр дүнтэй сугалаанууд нь ядарсан иргэддээ хүрч чаддаггүй гэдэгтэй бол санал нийлж байна. Тиймээс энэ зүйлийг жаахан ил тод үнэн шударга болгочихвол заавал сугалааг байхгүй болгоно гээд байх шаардлага байхгүй байх гэж бодож байна. 

А.Нямцэрэн: 21-р зуунд сохор азанд итгээд сууж байна гэдэг утгагүй асуудал

-Таван хувь болгохыг дэмжиж байна. 21-р зуунд сохор азанд итгээд сууж байна гэдэг утгагүй асуудал. Тиймээс энэ асуудлыг зөвхөн олон нийтийн сүлжээнд ярих биш орон даяар, улс орны хэмжээний асуудал болгож ярилцаад шийдвэрлэмээр байна. Өөрөөр хэлбэл,  азанд найдахаас илүү өөрийн бүртгүүлсэн баримтаар НӨАТ-ын хувиа нэмэгдүүлэн авах нь илүү үнэнд ойрхон байх.

 

Б.Өнөрцэцэг: Гурван жил тасралтгүй, идэвхитэйгээр баримтаа бүртгүүлээд нэг ч төгрөг хожиж үзээгүй хүмүүс өчнөөн олон байна

-Би энэ талаар мэдээллийг саяхан уншсан. Дэмжиж байгаагаа ч нүүр номон дээрээ илэрхийлсэн байгаа. Учир нь Монгол Улс 3 сая иргэнтэй үүний бараг тал хүрэхгүй хувь нь л НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа. Тэгсэн хэрнээ гурван жил тасралтгүй идэвхитэйгээр баримтаа бүртгүүлээд нэг ч төгрөг хожиж үзээгүй хүмүүс өчнөөн олон байна. Тэр хүмүүст одоо буцаан олголт нь л олдоно. Гэтэл тэр нь нийт мөнгөн дүнгийн хоёрхон хувь. Тиймээс энэ хувьд өөрчлөлт оруулах саналыг би дэмжиж хүлээж авсан. Маш зөв санаа гэж бодож байгаа. Гэхдээ тэр дээр байгаа урагшгүй амьтад нь ажил хэрэг болгон гэдэг үлгэр байх дөө.

Б.Эрдэнэчулуун: Угаасаа бүх юм нь луйвар будилаан болчихсон улс шүү дээ

-Зөв шүү дээ. Дэмжиж байна. Тэгэхгүй бол тэр сугалаа гэдэг нь угаасаа худлаа байх өө. Угаасаа бүх юм нь луйвар будилаан болчихсон улс шүү дээ. Тэгэхээр зүгээр хал палгүйгээр нь тэр буцаан олголтынх нь хувийг нэмээд өгчих хэрэгтэй гэж бодож байна.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.