2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Эрдэмтдээсээ идэх “Халуун будаа” буюу хагас кокосжсон нүүрсээр галлах утаагүй шийдэл

Улаанбаатарчуудын утаа, угаар ярих өдрүүд айсуй. Таягтай буурлаас эхлээд өлгийтэй нялхас, хэвлийдээ божих ураг хүртэл УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс “Утааг арилга” хэмээн шаардана. Төр, түмнийхээ төлөө утааг замхруулах гойд онцгой шийдэл олов уу, Чойжоо сайд аа. Уран бөгөөд, ухаалаг арга л олохгүй бол үе үеийн Засгийн газар утаа, түгжрэл хоёртоо байдгаа барж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 230 гаруй мянган айлын яндангаас утаа гарч байна. Улаанбаатарын утааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ирэгсэдийн тоо янданг улам олон болгосоор л байхад ганц хүн Сайдын сэнтийд мянга залраад утаа арилахгүй ээ. Гэр хорооллын яндангаас гадна авто зам дээр өдөрт л 2.88 сая зорчилт хийж байгаа тээврийн хэрэгслийн утаа, ДЦС-ууд, галладаг уурын зуухнуудын утаа Улаанбаатарыг бүрхсэн утааны 40 гаруй хувийг эзэлдэг гэсэн судалгааг олж үзлээ. Утааг арилгая гэвэл хэн бүхний бодолд орж ирэх найдвартай ганц шийдэл нь айл өрхүүдээ орон сууцжуулах. Мэдээж яндан буурснаар утаа буурна. Гэтэл зууханд нүүрс түлдэг өрхийн хэдэн хувь нь орон сууцанд нүүгээд орох боломжтойг хэлэлцвэл нэлээд бүдэг бадаг тоо гарна. Сүүлийн 10 гаруй жилд иргэдийн орон сууц рүү нүүж байгаа тоог шүүвэл  10-17 мянган орон сууц ашиглалтад оржээ. Гэтэл гэр хороололд 230 мянган айл, өрх байна. Үүнээс харвал, бид хэдэн арван жилдээ галаа түлэх нь. Өөрөөр хэлбэл, шилжин ирэгсдийг хязгаарлахгүй л бол яндангийн тоо хэвээрээ, орон сууцанд хамрагдах нөхцөлийг зөөлрүүлж, метр квадратын үнийг буулгахгүй бол яндан байсаар л байх нь. Орон сууцжуулах нь урт хугацаандаа хэрэгжих боломжтой, мөнгө их шаардсан, нүсэр ажил гэсэн үг. Маргаашийн өвлийг утаагүй давахад “Иргэдээ орон сууцжуул” гэх хэн бүхний аман дээрх бэлэн яриа зүгээр л цуурай юм. Тиймээс “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэнд ямар бодол байгааг сонсохоос аргагүй. Яагаад гэвэл, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нь түүнд утааг арилгах үүрэг хүлээлгэсэн учраас.

 

           НҮҮРСНИЙХЭЭ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЧИХ, УТААГ МАРТДАГГҮЙ ЮМ ГЭХЭД БУУРНА

                Эрдэмтдийнхээ үгийг сонсох нь аль ч салбарт тун чиг хэрэгтэй “халуун будаа”. Утааг бууруулахын тулд хэрхэх тухайд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл гурван тодорхой асуудал ярилаа. Сийрүүлбэл,

“Утааг бууруулах гурван төвшний шийдэл байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, түлшний чанарыг сайжруул, зуух яндангаа сайжруул. Хоёрдугаарт, төгс шийдэл буюу орон сууцжуулах. Гуравдугаарт гэр орон сууцыг цахилгаан халаагуураар халаах, хангах. Энэ гурван үндсэн аргыг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулж шийдэх учиртай. Орон сууцжуулах ажил бага багаар ахиж, 30, 40 жилийн дараа Улаанбаатар хот гэр хороололгүй болно. Хийн түлш, газ хэрэглэе гэхээр биднээс хамаарал багатай байна. Хийн хоолой тавьж, хий дамжуулах дэд бүтцийг орон сууц, хорооллуудтай холбох ажил өрнөнө гэсэн үг. Энэ дэд бүтцийг байгуулах нь амаргүй. Өнөөгийн нөхцөлд боломжтой арга нь түлш, зуухаа сайжруулах юм. Энэ замаа барьж авсан. Бодитой байдлыг харж, өнөөгийн эдийн засгийн боломжоороо хийж болох арга мөн. Тиймээс түлшээ сайжруулна гэдэг нь шийдлийн хувьд зөв зам” гэдгийг хэлж байна.

Мэдээж түлшээ сайжруулахын тулд хамгийн гол нь дэлхийн бусад улсын сайн жишиг, туршлага дээр суурилах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн шахмал мидлингийг  хагас кокосжсон  нүүрс болговол утааг мартдаггүй юм гэхэд бууруулах боломжтойг онцолж байна. Тэгэхээр “Тавантолгой түлш” компани шахмал түлшнийхээ чанарыг сайжруулахад анхаарвал, салхи дэгдэхийг хүлээлгүй утааг бууруулна гэдгийг эрдэмтдийн төлөөлөл ярилцжээ. Утааг бууруулах л чухал учраас “Халуун будаа” идэхэд гэмгүй дээ, Чойжоо сайд.

Манай улс нүүрсний орон хэрнээ одоогоор цэвэр нүүрс, мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, хаягдал гэх гурван шатны нүүрсний хэрэглээтэй л байна. Гэтэл манай гол нүүрс импортлогч БНХАУ гэхэд л хэдийн тавдугаар үеийн нүүрсний хэрэглээг туршаад хэрэглээндээ нэвтрүүлсэн байгааг мэргэжлийнхэн  эх сурвалжууд хэлж байсныг энд тодотгоё. Сөүл, БНХАУ, ХБНГУ, ОХУ зэрэг улсын утаанаасаа ангижирсан арга туршлага ч нүүрснийхээ чанарыг сайжруулсантай шууд холбогддог юм билээ. Одоо л манайд яригдаж, шүүмжлэлийн бай болоод байгаа хагас кокосжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлбэл тоосонцор 72.6 хувиар, хүхэрлэг хий 85.5 хувиар, угаар 10.8 хувиар, азотын исэл 23.5 хувиар тус тус буурах боломжтой тооцоо гарчээ. Шинжлэх ухаанч тооцоог амьдрал дээр хэрэгжүүлж байж үр ашгийг нь хүртэнэ. Сайн тооцоо судалгаа цаасан дээрээ үлдвэл утаа агаартаа өтгөрсөөр л байх нь ойлгомжтой. Тиймээс зуух болон нүүрснийхээ чанарыг сайжруулчихвал утаагүй шийдэл гарцаагүй биз ээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.