2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн боллоо

Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх зорилгоор "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Өнгөрөгч оны байдлаар дүүргийн хэмжээнд нийт 5189 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 15,8 хувийг эзэлж байх бөгөөд өмнөх оноос 21,3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Өнөөдрийн зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Мөнхцэцэг болон Засаг дарга Ж.Сандагсүрэн зэрэг нийслэл болон холбогдох яам агентлагийн төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачид оролцож, өөр өөрсдийн илтгэлийг танилцууллаа.

Зөвлөгөөний үеэр замын хөдөлгөөний аюудгүй байдлын асуудал нь зөвхөн замын хөдөлгөөнд оролцогчид, замын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш "Хүн, тээврийн хэрэгсэл, авто зам, орчин” зэргээр өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй хэмээгээд зөвлөмж гаргасан.

Тодруулбал 4 бүлэг бүхий уг зөвлөмжид нутаг дэвсгэрийнхээ зам, замын байгууламжийн гэрэлтүүлгийн нэмэгдүүлэх, иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ачаалал ихтэй замуудын ачааллыг бууруулах үүднээс зарим уулваруудыг өргөтгөн шинэчилж, жижиг холболт замуудыг ашиглалтад оруулах, авто замын зорчих хэсгийн ойролцоох түц болон авто гараашнуудыг нүүлгэн шилжүүлэх, "Содон” хорооллын автобусны буудлыг шилжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн боллоо

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.