2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
Дүүжин тээврийн барилга угсралтын ажил 3сард эхэлнэ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор энэхүү тусгаарлагдсан хоёр хэсгийн хооронд буюу Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад зорчих боломжтой болно. Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

 

Франц улсаас ирсэн "Пома" компанийн мэргэжилтэн:

-Та бүхэндээ Улаанбаатар хотын захиргаатай хамтран хийх болсон төслийг танилцуулна. Төслийг гүйцэтгэгч "Пома" группээс өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Манай компани өөрсдийн технологийг хотын дүүжин тээвэрт хэрхэн ашиглаж болохыг баталж харуулсан. Өнөөдрийн байдлаар Медлин хотод зургаан дүүжин тээврийн шугам холбогдсон хүмүүсийн сонгох дуртай нийтийн тээвэр болоод байна. Францын Тулуз хотод дүүжин тээврийг нийтийн тээвэртэй хослуулан хэрэгжүүлсэн. Нэгээс хоёр жилийн өмнө ашиглалтад орсон энэ төсөл маань зорчигчдын хамгийн талархлыг хүлээсэн шугам болсон.

Дүүжин тээврээсээ буугаад автобус, нийтийн тээвэртээ суух боломжийг бүрдүүлсэн. Сүүлийн үед дэлхийн том хотуудад том сорилтууд тулгарч байна. Гол, төмөр зам, газар зүйн байршлаараа хуваагдсан, түгжирсэн, агаарын бохирдол ихтэй гэсэн ийм гурван асуудал тулгамддаг.

Дүүжин тээвэр энэ бүх асуудлыг шийдэх боломжтой. Амьдралын чанарыг сайжруулж чадаж байгаа. Телео хотын дүүжин тээвэр 40 минут зорчдог байсан хугацааг дөрөв дахин багасгасан. Францын дүүжин тээвэр хоёр талдаа 10 мянган хүн тээвэрлэх боломжтой. Энэ хүмүүсийг автобусаар тээвэрлэвэл нэг цагт 100 автобус хэрэг болно. Харин автомашин гэвэл 2000 автомашин хэрэг болно.

Бид Оросын Нижний Новгород хотод мөн төсөл хэрэгжүүлсэн. Хүйтэн, цастай мөстэй газар дүүжин тээврийг ашиглах боломжтой гэдгийг харуулсан. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллах боломжтой. Энэ төсөл 2008 оноос хойш Орос улсад хэрэгжиж байна. Дүүжин тээвэр бол нийтийн тээвэр, хотын тээвэрт зохицдог систем гэдгийг та бүхэндээ харуулахыг зорилоо.

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн:

-Миний бие дүүжин тээвэрт сууж байсан. Колумбын Меделин бол нягтаршил өндөртэй хот. Хүмүүс нь хурдан ажил, сургуульдаа очихын тулд энэ шугамыг байгуулсан.  Амьдралынх нь чанар ч сайжирсан. Хамгийн чухал нь маш чимээгүй, тухтай тээврийн хэрэгсэл. Мэдээж түгжрэл байхгүй, хүртээмжтэй. Өөр хэлвэл, таныг ядрааж байдаг орчны бохирдол байхгүй.

Дүүжийн тээвэр амьдралд нэвтэрснээр иргэдийн амьдралын чанар дээшилж, стрессгүй хүссэн газраа очно. Шинэ шугамын төслийг удахгүй эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Удахгүй том том цамхгуудаа байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн санхүүжилт бол Франц, Монголын Засгийн газар хооронд санхүүгийн хэлэлцээр байгуулагдаад дөрөв дэх жилдээ орж байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн онцлог нь Франц, Монголын байгуулсан гэрээгээр нийт санхүүжилтийн хугацаа удаан буюу 40-өөс дээш жил. Эхний 12 жилийг зээлийн үндсэн хүү болон зээлийн хүүнээс чөлөөлсөн. Жилийн 0.0078 хувийн хүүтэй. Маш бага хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл. Төсөл яагаад эхлээгүй шалтгаан нь цар тахал. Хоёрдугаарт, аль чиглэлд тавьбал үр ашигтай вэ гэдэг судалгааны ажлыг хийсэн. Хотын төвийг шинэ суурьшлын бүстэй холбох шугамыг барьж байгуулна. Санхүүжилтийн хүрээнд хоёр шугам барихаар төлөвлөсөн. Эхний шугамаа төлөвлөчихсөн. Хоёр дахь шугамыг барьж байгуулахдаа нийтийн тээврийн хүртээмж хамгийн бага, бас хувийн автомашин авах боломжгүй алслагдсан бүст амьдардаг хүмүүсийг хотын төв рүү тээвэрлэх шугамыг барьж байгуулахыг зорино" гэв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.