2024 оны 07 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Багаас нь албан тушаалын хэнээтэй болгох бизнес хэнийх вэ

Манай нийгмийг хамраад буй элдэв цол тэмдэг,  шагналын давалгаа бидний бяцхан үрсийг ч тойролгүй дайрсаар байгаа билээ. Нэг үгээр, ямарваа нэг шагнал гэдэг нь хэн нэгний бизнес болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл "Монголын сурагчдын холбоо" ТББ нэгэн шинэ бизнес гаргаж байгаа бололтой. Тус байгууллагын зүгээс "Ангийн даргын үнэмлэх, тэмдэг, цол тараах юм гэнэ" гэсэн шум олон нийтийн сүлжээгээр тархаж байна. 

Энэхүү мэдээлэлд олон нийтийн зүгээс ихэвчлэн шүүмжлэлтэй хандаж байгаа нь ажиглагдаж байна. Иймэрхүү цол, тэмдэг тарааснаар сурагчдыг багаасаа ямар нэгэн албан тушаалд дуртай нөхөр болгох магадлалтай гэж үзэж байгаа аж. Угаасаа энэнтэй энэнгүй ч, манайхан албан тушаалд хичнээн их дуртай болох нь дээр, дооргүй илэрсээр байгаа билээ. Зарим хүмүүс Монголыг "Дарга улс" хэмээн хошигнон нэрлэдэг нь ч ор үндэсгүй зүйл биш юм. Энд тэнд харж байхад, бараг л гурван хүний нэг нь дарга байх жишээний. Энэхүү Ангийн даргын үнэмлэх, цол, тэмдэг бодвол бас л хэн нэгэн албан тушаалтны бизнес биз. Манай орны ЕБС-иудад нийтдээ 500 гаруй мянган сурагчид суралцдаг гэж бодохоор нийт хэдэн ангийн дарга байж болох багцаа гаргавал бас л хөөрхөн ашигтай бизнес болчихоор харагдаж байна. Уг нь, сурагч хүүхдүүдэд чиглэсэн ТББ-ууд иймэрхүү дэмий, рекламны пауз маягийн гаднах өнгө төрхөнд ач холбогдол өгч байхаар сурагчдын сургалтын чанарт илүүтэй анхаарвал зүйтэй санагдана.  

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.